Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн 73 хувьд цастай байна.  

Үүнээс Увс аймгийн Ховд, Малчин, Хяргас, Баруунтуруун, Цагаанхайрхан сумд, Ховдын Үенч, Алтай, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Тэс, Асгат, Баянхайрхан, Говь-Алтайн Тонхил, Хөвсгөлийн Цэцэрлэг, Улаан-Уул,  Ренчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ, Булганы Гурванбулаг, Дашинчилэн зэрэг сумдад цас ихтэй байна. Мөн Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Орхон, Хушаат, Сайхан, Түшиг, Сант, Алтанбулаг, Хүдэр, Мандал, Зүүнбүрэн, Сүхбаатар, Цагааннуур, Баруунбүрэн, Баянгол, Шаамар, Жавхлант, Дархан-Уул аймгийн Шарынгол, Хонгор, Орхон, Дархан, Төв аймгийн Баянчандмань, Сүмбэр, Жаргалантын хойд нутгаар 21 см-ээс дээш зузаан, 0.16-0.35 г/см3 нягттай байна. 

Цасны зузаан хамгийн их байгаа сумдыг дурдвал Увсын Ховд, Цагаанхайрхан, Хяргас, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Орхон, Хүдэр, Цагааннуур, Хушаатад 31-47 см байна. Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 14 хувиар буурсан байна.

Цас болон хүйтрэлтийн улмаас малын бэлчээрлэлт Увсын Цагаанхайрхан, Түргэн, Хяргас, Өвөрхангайн Баянгол, Зүүнбаян-Улаан, Сант, Хөвсгөлийн Цагааннуур сумдын нутгаар 3-11 хоногоор хүндэрсэн бол Говь-Алтайн Тонхил, Хөвсгөлийн Цэцэрлэг, Улаан-Уул, Өвөрхангайн Тарагт, Сэлэнгийн Цагааннуур, Баруунбүрэн, Ерөө, Орхонтуул, Баянгол, Төвийн Угтаалцайдам, Дундговийн Эрдэнэдалай, Цагаандэлгэр сумдын нутгаар 2-11 хоногоор саатсан байна.