Цахим мэдээ
Хаана

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг ХААНААС олох вэ?

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд асан Ж.Мөнхбатыг эрэн сурвалжилж эхэлснийг өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3 дахь хэсэгт заасан үндэслэл буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 22.10.2 дахь заалт буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиар шалгаж буй юм. 

Тэрээр хуулийн байгууллагад шалгагдаж байхдаа "Ээжийгээ БНСУ-д эмчлүүлэх шаардлагаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж байна" хэмээн өргөдлөө өгч, чөлөөлөгдсөн. Тэр цагаас хойш одоо болтол эх орондоо эргэн ирээгүй тул түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн байна. 

Ж.Мөнхбат нь сүүлийн 20 орчим жил буюу 2000-аад оны эхэн үеэс улс төрд идэвхтэй байсан, эрх баригч намын өндөр албан тушаал хашиж байсан нэгэн.

Түүний ажилласан байдлыг харвал:

  • 2002-2003 онд Улсын Их Хурлын даргын Ажлын албанд зохион байгуулагч
  • 2003-2004 онд Улсын Их Хурлын даргын шадар туслах
  • 2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт
  • 2005-2007 онд Монгол Ардын Хувьсгалт Намын дэргэдэх МАСЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2008-2012 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн ерөнхийлөгч
  • 2011-2013 онд МАН-ын төв хэвлэл “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч
  • 2012 онд Монгол Ардын Намын дэргэдэх НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч
  • 2012-2013 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
  • 2013-2016 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2013 оноос Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байжээ.

Харин өдгөө тэр гэмт хэрэгт шалгагдах явцдаа гадаад улсад оргон зайлсан гэх үндэслэлээр эрэн сурвалжлагдаж буй "шувууд"-ын нэг болоод байна. 

Одоогоос хоёр жилийн өмнө тэр БНСУ явсныхаа дараа цахим орчинд "УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж ямар нэгэн эрх дарх, хамгаалалтгүйгээр, Монгол Улсын жирийн иргэний хувиар АТГ-т очиж хуулийн дагуу тайлбар мэдүүлгээ өгөөд, иргэний үүргээ биелүүлээд явж байгаа. Намайг гадаад руу зугтаасан, оргон зайлсан гэх мэт гүтгэлэг их явсан. Шударга үнэн тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна. Хүндхэн үед хувь хүний өвчин зовлонгоор улстөр битгий хийгээсэй..." хэмээн бичиж байв. Гэвч өнөөдөр түүнийг оргон зайлсан хэрнээ олон нийтэд худал хэлж байсныг хуулийн байгууллага албан ёсоор нотоллоо. Одоо харин түүнийг чухам хаана байгааг мэдэх, хаанаас баривчлан авч ирэх боломжтой нь тодорхойгүй байна. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх