УИХ-ын 2024 оны сонгуулийн баруун бүсийн 2-р тойрогт МАН-аас нэр дэвшин сонгогдсон гишүүн Э.Болормаа сонгуульд нэр дэвшихдээ гадаад компани, хуулийн этгээдээс хандив авсан нь хууль зөрчсөн үйлдэл төдийгүй эгүүлэн татагдах нөхцөл бүрдлээ гэх мэдээлэл гарч эхэллээ.
Э.Болормаа нь өмнө нь Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигч Ц.Цэрэнпунцагаас 301 хүний буюу 1 хувийн саналын илүүгээр 10 мандаттай тойргийн 10 дахь гишүүн болж сонгогдсон юм.
Тэгвэл Э.Болормаа сонгуулийн кампанит ажлын үеэр "Ханбогд Эксплорэйшн" ХХК гэх Их Британи, Умард Ирладын Нэгдсэн Вант улсын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан нь аудитын дүгнэлтээр тодорхой болоод байгаа аж. Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт "Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага хандив өгөхийг хориглоно" гэж заасан байдаг.
УИХ-ын гишүүн Э.Болормаагаас гадна хангайн бүсийн 1-р тойрогт АН-аас нэр дэвшин сонгогдсон Д.Цогтбаатар гишүүн ч хууль зөрчсөн нь тогтоогдсон учраас эгүүлэн татагдах нөхцөл бүрдээд буй. Ингэснээр 126 гишүүнээс хоёр нь удахгүй татагдах магадлалтай боллоо.
СЭТГЭГДЭЛ Үлдээх