Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсээс Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах санал боловсруулах зорилгоор жил бүр уул уурхайн хөрөнгө оруулалтын орчны судалгааг гаргадаг. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчныг 20 үзүүлэлтээр маш сайн, сайн, дунд, муу, маш муу гэсэн 5 үнэлгээгээр үнэлдэг.
Тэгвэл энэ жилийн судалгаанд 874 байгууллага хамрагдсан бөгөөд нэгдсэн дүнгээр Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчин 52.2 оноо авч “Дунд” гэсэн дүнтэй гарсан байна.
Үнэлгээг нэгтгэн гаргасан 20 үзүүлэлтээс “маш сайн”, “сайн” гэсэн үнэлгээ гараагүй байгаа нь хөрөнгө оруулалтын орчин таатай гэж үзэх боломжгүй гэсэн үг. Мөн “маш муу” гэсэн үзүүлэлт илрээгүй нь нөхцөл байдал хэт хүндрээгүй байгааг ч илтгэж байна. Дунд ангилалд 12 үзүүлэлт, муу ангилалд 8 үзүүлэлт хамрагджээ.
Дунд ангилалдаа өндөр оноо авсан агуулгуудыг эрэмбэлэхэд:
- "Геологи, хайгуулын ажлын үр дүн, тэдгээрийн үнэмшилтэй байдал" 61.3 оноо,
- "Геологийн мэдээллийг олж авах боломж, мэдээллийн ил тод байдал" /59.1 оноо/,
- "Байгаль орчны хууль эрхзүйн орчны ойлгомжтой байдал" 57.8 оноо,
-"Ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч байгууллагуудын хүртээмжтэй байдал, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар" 57.6 оноо,
-"Амьдрах орчны аюулгүй байдал" 54.4 оноогоор дунд үзүүлэлт дотроо дээгүүр эрэмбэлэгдлээ.
Харин "Уул уурхайн салбарын авлигаас ангид байдал" 52.3 оноо, "Үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийг авахад хялбар байдал" 52.2 оноо, "Газрын харилцаа, түүний зохицуулалтын байдал" 52.1 оноогоор дунд ангилалдаа доогуур жагсжээ.
Муу ангилалд орсон үзүүлэлтээс хамгийн тааруу дүн үзүүлсэн нь "Олон нийтийн зүгээс уул уурхайн үйл ажиллагаанд хандаж байгаа хандлага" 45.2 оноо бол үүний дараа "Улс төрийн тогтвортой байдал" 45.9 оноотой байна.
Дараагийн түвшний тааруухан үзүүлэлт нь:
- "Нутгийн иргэд болон уул уурхайн компаниуд хоорондын харилцаа" 47.0 оноо,
- "Хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалсан байдал" 47.4 оноо,
- "Дэд бүтцийн хөгжил" 47.9 оноо.
Ийнхүү Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчин “Дунд” үнэлгээтэй болон үнэлгээний бүрэлдэхүүн үзүүлэлтүүд нь “маш сайн”, “сайн” үнэлгээнд хүрээгүй байгаа тул хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах шаардлагатай бөгөөд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэжээ.
-Олон нийтэд үнэн, бодит, салбарын талаар улс төржиж олон нийтийг турхирсан худал мэдээлэл тараах үйл ажиллагаанд хяналт тавж, хариуцлага тооцдог болох, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх ажлыг салбарын хэмжээнд зохион байгуулж, эерэг ойлголтыг өгөх мэдлэг, мэдээлэл өгөх сургалт, сурталчилгаа, PR-ийн ажлыг тогтмол зохион байгуулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлыг сайжруулах нь зүйтэй.
-Улс төрийн тогтвортой байдлыг сайжруулахын тулд төрийн бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулж, салбарын үйл ажиллагааг нам, улс төрийн үйл ажиллагаанаас хамаарал багатай байлгахыг хичээж, төрийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалд мэргэжлийн хүнийг томилж, тогтвортой ажиллуулж, Засгийн газар, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг тогтвортой явуулахад анхаарч, улс төрчдийн хариуцлагыг өндөржүүлж зохицуулах, хуулийн хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай.
-Уул уурхайн салбарын үйл ажиллагааг иргэдэд таниулах, сурталчлах, ойлгуулах, асуудлыг тодорхой болгож хуульчилж өгөх, орон нутгийн эрх мэдлийг багасгаж, иргэдийг хуулиа дагаж мөрдөх талаар ухамсарлуулах, хууль эрх зүйн орчны талаар мэдлэг олгох, орон нутгийн иргэдийн уул уурхайн үйл ажиллагаанд оролцох харилцааг тодорхой болгон хуульчилж, харилцан ойлголцож хамтран ажилладаг тогтолцоог нэвтрүүлснээр нутгийн иргэд болон уул уурхайн компаниуд хоорондын харилцааг сайжруулна.
-Хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангаж, хууль эрх зүйн орчныг тодорхой болгох, сайжруулах, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, дэмжих, ажиллах нөхцөлөөр хангах тогтолцоог хэрэгжүүлж, аливаа гэнэтийн шийдвэр гаргахаас зайлсхийж, оролцогч талуудыг мэдээллээр хангаж ажиллах, хөрөнгө оруулагчийг дэмжсэн тодорхой, тогтвортой бодлого баримталж, хууль эрх зүйн орчныг сайжруулахдаа хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, орон нутгийн эрх мэдлийг тодорхой хэмжээнд хязгаарласнаар төрөөс хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах тал дээр авч хэрэгжүүлж буй бодлогын үр нөлөөг сайжруулж болно.
-Төрийн бодлого, урт хугацааны төлөвлөгөөний дагуу авто зам барих, засвар үйлчилгээг сайжруулах, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төмөр зам барихад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлж дэд бүтцийн хөгжлийг сайжруулах шаардлагатай байна. Мөн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, зохицуулалтыг сайжруулж, төмөр замын ачаа эргэлтийг оновчтой зохион байгуулах хэрэгтэй гэж дүгнэсэн байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх