Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг болох Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн сүүлийн буюу Лицензтэй технологийн байгууламжууд (EPC 04)-ыг барьж байгуулах Ерөнхий гүйцэтгэгч компаниар шалгарсан БНЭУ-ын Megha Engineering and Infrastructures Ltd компанитай Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 54 тоот тогтоолоор эрх олгосны дагуу “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээ байгууллаа.
Газрын тос боловсруулах үйлдвэр нь нийт 12 технологийн байгууламжтай байх бөгөөд эдгээрийн долоо нь гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжууд юм. Уг долоон байгууламжийг барих ажлыг дээрх гэрээний дагуу БНЭУ-ын MEIL компани гүйцэтгэхээр болж байна.
Уг багц ажилд хамаарах гүн боловсруулалтын технологийн байгууламжуудыг Франц, Итали, АНУ, Голландын компаниудын технологийн лицензээр барьж байгуулах юм. Лиценз эзэмшигч компаниуд өөр өөрийн технологийн байгууламжуудын зураг төслийг боловсруулж дуусгажээ.
Гүн боловсруулалтын долоон байгууламж:
Устөрөгчийн үйлдвэр (HGU) - Италийн “Kinetics Technology”
Хүхэр ялгах байгууламж (SRU) - Францын “Axens”
Бензин боловсруулах байгууламж (MS Block) - АНУ-ын “UOP Honeywell”
Гидрокрекинг (HCU) - АНУ-ын “UOP Honeywell”
Дизелийн гидроцэвэрлэгээ (DHDT)- АНУ-ын “UOP Honeywell”
Шингэрүүлсэн шатдаг хий ялгах байгууламжууд (LPGU) - АНУ-ын “UOP Honeywell”
Висбрекинг (VBU) - Нидерландын “Shell”
Энэтхэг төдийгүй олон улсад нефть-химийн болон дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг 34 жилийн туршлагатай Megha Engineering and Infrastructures Ltd компани нь гэрээнд тусгагдсаны дагуу дээрх долоон байгууламжийг 36-38 сарын дараа барьж дуусгах үүрэг хүлээж байна.
БНЭУ-ын Засгийн газрын 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт дараах дөрвөн багц ажлаас бүрдэж буй:
EPC 01: Технологийн бус барилга байгууламж
EPC 02: Атмосферийн болон Вакуум нэрлэг, Ханасан хий ялгах байгууламж, дагалдах, туслах байгууламжууд
EPC 03: Үйлдвэрийн Дулааны цахилгаан станц
EPC 04: Лицензтэй технологийн байгууламжууд
Эхний буюу EPC 01 багц ажилд хамаарах цахилгаан хангамжийн систем, ус дамжуулах шугам хоолой, өргөх шахах станцууд, үйлдвэрийн талбай дахь засвар механикийн цех, агуулах, оффис, лаборатори зэрэг барилга байгууламжууд, талбайн дэд бүтцийн ажил бүрэн дуусч, 2024 оны 11-р сард улсын комисс хүлээн аваад байна.
EPC 02, EPC 03 багц ажлуудын хувьд технологийн байгууламжуудын суурилуулалтын өмнө хийгдсэн байх шаардлагатай шугам хоолойн эстакад, ил далд шугам хоолойнууд, технологийн байгууламжуудын зуухны суурийн бетон цутгалтын ажлууд дуусч, угсралтын ажлыг эхлүүлээд байна. Үйлдвэрийн ДЦС-ын удирдлагын болон дэд станцын барилгын үндсэн бүтээцийн ажлууд дуусч, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлүүд явагдаж байгаа.
Эдгээр багц ажлуудын инженерийн нарийвчилсан зураг төслийн ажилд Испанийн “Intecsa”, Германы “Siemens”, АНУ-ын “Foster Wheeler” зэрэг компаниуд оролцож байна.
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд өнөөдрийн байдлаар Монгол, Энэтхэг, Хятад, Итали, Франц, АНУ, Канад, Нидерланд, Испани зэрэг улс орнуудын мянга гаруй инженер, мэргэжилтнүүд ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх