Хөвсгөл аймгийн Ханх сум аймгийн төвөөс 180 км алслагдсан бартаа ихтэй учраас иргэдэд яаралтай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэхэд хүндрэлтэй байдаг. Тухайлбал, энэ зайг автомашинаар 8-10 цагт туулдаг байна. Тус сумын Эрүүл мэндийн төв 19 хүний бүрэлдэхүүнтэй сумынхаа 2882 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй юм.
Замын бартаа ихтэй Ханх сумын иргэдэд эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэх үед урин дулааны цагт усан тээвэр сонгох нь оновчтой байдаг. Гэвч ЭМТ өөрийн гэсэн завьгүй учраас хувийн хэвшлийн компаниас нэг завийг хамгийн багадаа 3.5 сая төгрөгөөр түрээслэдэг нь эдийн засгийн хувьд ихээхэн хүндрэлтэй явж иржээ.
Харин УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан орон нутагт ажиллахдаа Ханх суманд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бага оврын усан завьтай болгохоор шийдвэрлэснээ дуулгалаа. Ингэснээр урин дулааны цагт усан тээврээр иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай хүргэх боломж бүрдэх юм.
Мөн Ханх сумын Эрүүл мэндийн төвийн барилга 2008 онд ашиглалтад орсон бөгөөд 2021 оны газар хөдлөлтийн улмаас ан цав үүссэн учраас стандартын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гараад удаж байгаа аж. Тиймээс Эрүүл мэндийн шинэ төв барих төсөв хөрөнгийг ч шийдвэрлэхээр болсон байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх