Цахим мэдээ
Хэн

Багшлах эрхийн сургалтад хамрагдсан эхний 53 хүн гэрчилгээ авчээ

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс зөвшөөрсөн Монгол Улсын Боловсролын их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Олон улсын Улаанбаатар их сургуулийн "Багшлах эрхийн сургалт"-ыг дүүргэсэн эхний 53 иргэн гэрчилгээгээ гардан авсан байна.

Сургалтын үйл ажиллагааг их, дээд сургуулийн мэргэжлийн багш нар удирдан зохион байгуулж байгаа бөгөөд сургалтын хөтөлбөр нь сэтгэл судлал, боловсролын сэтгэл судлал, хүүхдийн хөгжил хамгаалал, сурган хүмүүжүүлэх зүй, харилцаа, суралцахуй багшлахуй болон мэргэжлийн агуулгын хүрээг хамарчээ.

Багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалт нь цахим, танхим хосолсон хэлбэрээр явагдсан ба хамрагдсан иргэд багшлах дадлага хийж, шалгалт өгснөөр төгссөн байна.

Багшлах эрхийн сургалтын хөтөлбөртөө дүгнэлт гаргуулсан их сургуулиуд улиралд нэг удаа элсэлт авч, сургалт явуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Монгол Улсын Боловсролын их сургуулийн багшлах эрхийн сургалтад 82 иргэн суралцах хүсэлт гаргаснаас шаардлага хангасан 10 иргэн одоогийн байдлаар үргэлжлүүлэн суралцаж байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх