Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо ТББ-ын тэргүүн Т.Хасбаатар өнөөдөр олон нийтэд хандан мэдээлэл хийж "Манай холбоо АН-ын дарга Л.Гантөмөрийг намаас хөөх шийдвэр гаргасан. Цаашид энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхийг АН-ын шат шатны байгууллагууд болон гишүүдэд үүрэг болгосугай гэж мэдэгдэл гаргасан" гэв. Тус холбоо даргаа дэмжихгүй, итгэл үзүүлэхгүй байж болно оо. Гэхдээ Дээд шүүхэд бүртгэлтэй намын дарга болоод гишүүнийг жирийн нэг төрийн бус байгууллагын шийдвэрээр хөөж туух ямар ч боломжгүй билээ.
Т.Хасбаатар уг нь эрх зүйч хүн. Энэ зэргийн логикийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч яагаад ийм инээдтэй мэдэгдэл хийв гэдэг нь анхаарал татаж байна. Намын гишүүнийг дэмжигчдийн холбоо байтугай намын УЗ нь ч хөөх эрхгүй болсон. Өөрөөр хэлбэл, тухайн намын гишүүн өөрийн хүсэл зориг, өргөдөл гомдлоор гишүүнчлэлээс татгалзаж болно. Харин өөр үзэл бодол, байр суурьтай байсных нь төлөө намын гишүүнээс хөөх нь ардчилсан үзэл баримтлалтай намд байж болшгүй буюу коммунист үзэгдэл гэдэг. Тийм ч учраас АН-ынхан хэн нэг гишүүнээ гишүүнээс хөөх асуудлыг цэглээд удаж буй.
Харин өнөөдөр Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар ямар ч боломжгүй зүйлийг болох мэтээр итгэл төгс ярьсан нь ямар учиртай вэ? АН доторх хагарал хуваагдал дахин гаарахын дохио юу? Эсвэл тулга тойрсон түр зуурын улс төр үү гэдэг нь удахгүй тодорхой болох биз ээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх