Цахим мэдээ
Хаана

Цагааннуур сум "Алтан гадас" одон хүртлээ

100 жилийн түүхэндээ Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн Монгол Улсын Тэргүүний сум Сэлэнгэ аймгийн Цагааннуурынхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал "Алтан гадас" одон хүртлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай” 131 дүгээр тогтоолоор тус сумын нутаг дэвсгэрийг тариалангийн бүс нутаг болгон тогтоосон.

Тус сум 1970-аад оны үед "Найрамдал" САА нэртэйгээр байгуулагдсан, газар тариалан өндөр хөгжсөн бүс нутаг гэдгээрээ онцлогтой. Мөн энд Монгол Улсад хоёр байдаг цахилгаанжсан ферм, сүүний чиглэлийн талын улаан, сементал зэрэг үйлдрийн үнээнүүд байдаг юм.  

Цагааннуур сум жилдээ 30-50 мянган тонн үр тариа хураан авч, Сэлэнгэ аймгийн ургацын 40 гаруй хувь, Монгол Улсын хэрэгцээт үр тарианы 20-иод хувийг бэлтгэдэг стратегийн ач холбогдол өндөртэй, газар тариалангийн элит сум юм.

Тус сум жилдээ 12.5-15.0 мянган тонн хадлан тэжээл бэлтгэж, 25-40 мянган тонн төмс, хүнсний ногоо, 170-200 тонн ХАА-н гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Монгол Улсын түүхэнд 8 хөдөлмөрийн баатар, олон арван гавьяатуудыг төрүүлсэн өлгий нутгийн шагналыг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, аймгийн Засаг дарга  Н.Лхагвадорж нар гардуулан өгч, сум орон нутгийн удирдлагууд, Хөдөлмөрийн баатар, гавьяатууд, аварга тариаланчид, иргэд, хүүхэд, залуучууд хүндэтгэлтэйгээр угтан авлаа. 

Мөн энэ үеэр төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор Оргих 1 дүгээр багийн иргэн Ё.Атарсайхан, Тийрэг 3 дугаар багийн иргэн М.Баяржаргал, Д.Хишигсүрэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар Хуурч 2 дугаар багийн иргэн Г.Пүрэвсүрэн, "Улсын аварга тариаланч"-аар "Тариан цацал" ХХК-ийн техникч Б.Чойжамц, "Сэлэнгэ тариа" ХХК-ийн техникч Ч.Чимэддорж нарыг шагналаа.

Эх сурвалж: Монцамэ

СЭТГЭГДЭЛ Үлдээх