Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Иваяа-гийн урилгаар 2025 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Иваяа-тай албан ёсны хэлэлцээ хийж, японы талын албаны бусад төлөөлөгчидтэй уулзаж, хоёр талын “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд бүхий л чиглэлд өргөжүүлэн гүнзгийрүүлэх болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ.
Тэрбээр мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийн баримт бичигт гарын үсэг зурах юм.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд Япон Улсын Гадаад хэргийн яамны хүндэт зочны хувиар 2012 оноос хойш буюу 13 жилийн дараа тус улсад хэрэгжиж буй айлчлал гэдгээрээ онцлог.
Монгол Улс, Япон Улстай 1972 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон билээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх