Цахим мэдээ
Хэн

Тусгай үүрэгт Элчин сайдуудыг тусгайлан эсэргүүцэх шалтгаан

Засгийн газраас Тусгай үүрэгт Элчин сайд нэртэй шинэ албан тушаалд урьд өмнө Монгол Улсын ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг томилсон нь олны анхаарлыг татаад байна. Хэдийгээр энэ хүмүүс төрөөс цалин хөлс авахгүй, ажлын алба байгуулж, төсвийн хөрөнгө зарцуулахгүй, зөвхөн 14 мега төсөлд зөвлөх статустай оролцож, хөрөнгө оруулалт татах, ЗГ, УИХ-д тогтоол оруулж батлуулахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй ажиллана гэж байгаа ч бодит байдал дээр арай өөр уур амьсгал давамгайлж байна.

Учир нь төрийн өндөр алба хашиж байсан энэ эрхмүүдийн ихэнх нь авлига, албан тушаалын хэргээр ял шийтгэл хүлээж, "аавын хаалга" татаж байсан, зарим нь нийтийн эрх ашигт хамаатай томоохон асуудалд нэр холбогдож, өнөө хэр асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа билээ. 

Тухайлбал, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Ж.Эрдэнэбат, М.Энхсайхан нар шүүхээр хэрэг нь шийдэгдэж, хоригдож, ял эдэлж байсан хүмүүс. Бусад нь ч ялгаагүй. Албан ёсоор ял зэм эдлээгүй ч авлига, албан тушаалын хэрэгт бүгд холбогдож явсан цуутай этгээдүүд. Жишээ нь, М.Энхболдыг газрын наймааны загалмайлсан эцэг буюу Улаанбаатарын газар, өмчийг үрэн таран хийж, зөв цэгцтэй хөгжих боломжгүй болгож, олон жил утаа, түгжрэлдээ дарлуулах хоцрогдосн хот болох үндсийг тавьсан хүмүүсийн толгойд зүй ёсоор нэрлэдэг. Түүний гол хамсаатан Т.Бадамжунайг "Шувуу ажиллагаа"-ны хүрээнд хилийн чанадаас сүр дуулиантай баривчлан авчирч байсан ч асуудал тэгсгээд намжсан.

Сү.Батболд нь Монгол Улсын стратегийн баялгийг цөөн гэр бүлд хуваан эзэмшиж, ард түмний эрх ашгийг хохироосон "супер дээрэмчин" нэртэй ч намын дүү нар нь халдан довтолж, хариуцлага хүлээлгэж чадахгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Яг одоо халуун сэдэв болоод байгаа "Энержи Ресурс", Ухаа худаг ордын маргаан дээр ч хамгийн их оролцоотой хүн нь Сү.Батболд. Энэ хүнтэй нийтийн эрх ашгийн үүднээс хатуу хариуцлага ярих цаг үе атал харин эсрэгээр дэвшүүлэн шагнаж, Тусгай үүрэгт Элчин сайд болгож байгаа нь хачирхалтай.

Зам тээврийн сайд болон ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга асан А.Гансүхийн хувьд ч ялгаагүй. Олон том хэрэгт нэр холбогдсон ч Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нөлөөн дор гэм зэмгүй үлдсэн гэлцдэг. Мөн З.Энхболд төрсөн дүүгийнхээ компаниар нүүрсний бизнес хийж ашиг сонирхлын зөрчил үүсгэж байсан ч А.Гансүхтэй адил хамгаалалт авсан нэгэн. 

Ерөнхийдөө Ерөнхий сайд асан Р.Амаржаргалаас бусад нь бүгд олон түмний өмнө нэгэнт нэр нүүрээ алдчихсан, итгэл хүлээлгэх боломжгүй болсон хүмүүс. Тийм ч учраас иргэд "Монголын төр зөв ажиллаж байна гэж сайшаах бус, хулгайч нарыг улам дээш өргөлөө" хэмээн бухимдаж байгаа юм.

Үе үеийн Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд, УИХ-ын даргаар ажиллаж байсан хүмүүсээ дараа дараагийн ҮАБЗ нь тодорхой давтамжтай хүлээн авч уулзаад заавар зөвлөгөө авдаг, санаа оноогоо ярилцдаг уламжлал манайд угаас байсаар л ирсэн. Нэгэнт л цалин хөлс өгөхгүй, ажлын алба байгуулахгүй, зөвлөх статустай ажиллуулах юм бол заавал "Тусгай үүргийн ЭС" гэж чамирхалгүй өмнөх жишгээрээ энгийн даруу явж болох л байсан. Гэтэл олны дургүйцлийг өрдөн өрдөн муу нэртэй, луу данстай луугаруудыг ингэтэл өргөх ямар шаардлага байв аа?

Мега төслүүд дээр хөрөнгө оруулалт татах үүрэгтэй энэ хүмүүс хувиасаа зардал гаргаад энэ ажлаа хөөцөлдөөд гүйхгүй нь тодорхой. Тиймээс гадагш дотогш томилолтоор ажиллахаас эхлээд тодорхой хэмжээний зардал гаргах нь ойлгомжтой. Ингэж нэр хүндгүй хууччуулаар төрийн ачааг хүндрүүлж, нийтийн бухимдлыг өдөөх шаардлагагүй л байлтай.

СЭТГЭГДЭЛ Үлдээх