Цахим мэдээ
Хэн

Арлааны Эрдэнэ-Очир агсны алдарт бүтээлээр арай хэтэрхий тогложээ

Мөрөөдлийн театрынхан "Samsara - Тэртээх хоёр зүрх" нэртэй драмын жүжигтээ Д.Нацагдоржийн шагналт, Болор цомын эзэн нэрт яруу найрагч СГЗ Арлааны Эрдэнэ-Очир агсны алдарт "Голын тохой дээр" хэмээх шүлгийг зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй ашиглан дуу бүтээж олон нийтэд цацжээ. Ингэхдээ зөвхөн зохиогчийн эрхийн зөрчил гаргаад зогсохгүй нэрт яруу найрагчийн олны таашаалд нэгэнт хүрсэн шүлгийг дур зоргоороо өөрчилж, эвдэж, гутаасан байна.

Жүжигчин Г.Эрхэмбаяр, Х.Намуун нар уг хууль бус дууг дуулахдаа "Голын тохой дээр" гэх үгийг "Голын тохойн дээр..." гэх мэтээр наад захын монгол  хэлний дүрмийг илэрхий зөрчсөн нь санамсаргүй алдаа гаргасан бус, тэнгэрийн оронд цаг бусаар одсон эзнийг нь санаатай гутаан доромжилсон мэт бүдүүлэг, муухай, ёс зүйгүй харагдаж байна. Тийм учраас нэрт зохиолч, яруу найрагчийн өв бүтээлийг хариуцан ажилладаг "Арлааны Эрдэнэ-Очир" сангийнхан энэ бусармаг явдалд гомдол гаргаж, хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар ажиллаж эхлээд байгаа юм. 

Мөрөөдлийн театрынхан "Голын тохой дээр" шүлгийг зөвшөөрөлгүй ашиглахдаа ганц нэгхэн үгийн алдаа гаргаагүй. Санаатайгаар хэд хэдэн мөрийг дураараа өөрчилж, гуйвуулсан байна. 

Жишээ нь, 

"...Ирж яваа цаг бид хоёрыг амрагийн төгөлд уулзуулан зурж
Ирэх хайрын зовлонгоор жил сар тохуурхан урсах ч билүү

Идэр зүрхний гүнд хаврын нэг өдрийн салхи тоглон эргэж
Ийм нэг намар голын чинь тохой дээр суулгана гэж санаа ч билүү...
" гэх нандин мөрүүдийг 

"...Ирж яваа цаг биднийг хайрын төгөлд учруулж

Ирэх хайрын зовлонгоор жил сар тохуурхан ургасан ч юм билүү

Идэр зүрхний гүнд хаврын салхи тоглож

Ийм нэг намар голын тохойн дээр суулгана гэж санаа ч билүү..." гэх зэргээр маш бүдүүлэг, ур хийцгүй найруулгатай болгож, зохиогчийн анхны бүтээл төрөх агшны мэдрэмжээс тэс өмнөө болгон эвдэж, сүйтгэжээ.

Түүнчлэн,

"...Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш
Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодов
..." гэсэн мөрүүдийг 

"...Тийм сайхан нүднээс гуниг олж харснаас хойш

Тэнгэрийн доор хайрын үлгэр эхлүүлмээр..." гэж зоргоороо өөрчилсөн байна.

"Голын тохой дээр" шүлгийн эх:

https://www.youtube.com/watch?v=_zSTJGhj2BM

Мөрөөдлийн театрынхан энэ бүдүүлэг, хууль бус үйлдэлдээ нэн даруй хариуцлага хүлээж, уучлал гуйж, алдаагаа засч залруулахын оронд "Бид зөвшөөрөл авсан..." хэмээн олон нийтийн сүлжээнд илэрхий худал тайлбар удаа дараа хийжээ. 

Ер нь сүүлийн үед хошин урлагийнхан чадварлаг зохиолч, яруу найрагчдын зохиол бүтээлийг зөвшөөрөлгүй дур зоргоороо ашиглах, өөрчлөн гуйвуулах тохиолдол цөөнгүй гарах болсон. Энэ удаа "Мөрөөдлийн театр" хамтлаг мөн давтлаа. Давтах давтахдаа таалал болсон Монгол түмний хайртай яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирыг арай дэндүү гутаан доромжилжээ. Энэ энэ нь зөвхөн оюуны өмчийн хулгай төдийгүй хүн ёсны зарчмыг зөрчсөн, уран бүтээлчдийн ёс зүйг уландаа гишгэсэн бусармаг явдал болж байна.

"Голын тохой дээр" шүлэг бол зүгээр ч нэг шүлэг биш. Зохиогч нь МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаад зориулж нэрнийх нь үсгээр бүх  бадаг шадаа багцлан бүтээсэн, хөндлөнгийн хэн нэгэн дур зоргоороо хуруу, хошуу дүрж, оролцож, оролдож боломгүй эмзэг нандин чанартай, эзэн бие, амин чанартай бүтээл юм. Тийм ч учраас яруу найрагт дуртай олон түмэн эрхэм зохиолчийн өөрийн дуу хоолойгоороо, эгэлгэн гэгэлгэн өнгө аясаар чухам тэрхүү шүлгийнхээ мөн чанарыг амьдруулан тодруулж бүрэн бүтэн уншсан тэр л янзаар нь сэтгэл зүрхээрээ нандигдан сонсож, хайрлан хүндэлж явдаг билээ.  

Харамсалтай нь, А.Эрдэнэ-Очир гэдэг хувь зохиолч агсны төдийгүй ард түмний өмч болчихсон бүтээлийг алиа хошин, адал балмад хүмүүс арай дэндүү гутаачихлаа. Асуудал нэгэнт иймдээ тулсан учраас тэдний шинээр гарсан жүжиг, хууль бус дууг нэг даруй олон нийтэд түгээхийг хориглож, урлаг соёлын салбарт зохиогчийн эрхийг дээдэлж, хүндэтгэдэг дэлхий нийтийн жишгийг нэн яаралтай нэвтрүүлэх шаардлагатай боллоо. Юун төлөө Соёлын яамтай билээ дээ. Энэ зэргийн хулгай, хуудууг таслан зогсоох эрх чадал, этик соёл байгаа байлгүй дээ...

"Голын тохой дээр" шүлгийг гутаасан дууны хувилбар:

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

  • Зочин (66.181.188.194)
    Манай монголд шинээр залуу жүжигчид олноороо гарж ирээсэй! Ямар нэг кино жүжиг дээр нөгөө л нэг хэдэн жүжигчид нь байсаар л бүр залхмаар шүү тэ?!
    2025 оны 03 сарын 17 | Хариулах
  • Гарьд (66.181.160.12)
    Новшнуудаас тултал хохрол нэхэх хэрэгтэй
    2025 оны 03 сарын 14 | Хариулах