Жендэрийн үндэсний хорооны ажлын алба, Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Улаанбаатар хотноо энэ сарын 20-ны өдөр Олон улсын хөгжлийн түншлэгчдийн чуулга уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтыг нээж Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх, Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Кирил Йорданов нар үг хэллээ.
Тус уулзалт нь хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, ахиц дэвшил, тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн жендэр, нийгмийн үр нөлөөг дээшлүүлэх, үндэсний болон салбарын жендэрийн бодлого төлөвлөлттэй уялдуулах, Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгч болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээр дамжуулан жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар нэгдсэн уялдааг хангах, давхардлыг арилгах, төслийн төсвийг үр ашигтай зарцуулах харилцан мэдээлэл солилцоход чиглэгдсэн юм.
Уулзалтаар Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дах төсөл, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй жендэрийн эрх тэгш байдлын хангах чиглэлээрх үйл ажиллагаа, үр нөлөөний талаар “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Байгаль орчин нийгмийн хамгааллын ажилтан Г.Ундрам, “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай газар тариалан төсөл”-ийн Нийгэм, жендэрийн мэргэжилтэн А.Отгонцэцэг, “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээлийн төсөл” TSL2-ийн зохицуулагч Ж.Түвшинтөгс, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл”-ийн зохицуулагч Ж.Түвшинсанаа, А.Амаржаргал түүнчлэн Эккофарм төслийн хүрээнд хийгдсэн “Малчдын судалгааны жендэрийн үнэлгээ”-ий үр дүнг тус төслийн жендэрийн мэргэжилтэн Ж.Лхагвадулам нар тус тус танилцуулж, мэдээлэл хийлээ.
Уулзалтад Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох удирдлага, жендэрийн салбар зөвлөлийн гишүүд, тус яамны дэргэдэх төсөл, хөтөлбөрийн нэгжүүд болон Канадын улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Канадын гадаад хэргийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлэгч Эккофарм төсөл, түүнчлэн Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газар болон НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын холбогдох албаны хүмүүс оролцлоо.
СЭТГЭГДЭЛ Үлдээх