Цахим мэдээ
Хэн

Нэг эмчийн бус нийт салбарын асуудал хүнд байдалд орлоо

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан Гавьяат эмч П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан гэж гэм буруутайд тооцон анхан шатны шүүхээс 2.6 жилийн ял оноогоод байгаа. Тэгвэл энэ нь зөвхөн нэг эмчийн гэм буруугийн асуудал бус нийт салбарын тулгамдсан асуудал болж хувирсан нь сүүлийн үеийн нөхцөл байдлаас тодорхой болж байна.

Тухайлбал, хоёр хоногийн өмнө УНТЭ-ийн Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч мэргэжилтнүүд олон нийтэд хандан мэдээлэл хийхдээ маш ноцтой мэдээллүүдийг өглөө.

Жишээ нь, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн:

"Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах алба 2018 онд байгуулагдсан. Тус алба байгуулагдсанаас хойш талийгаач болсон  270 гаруй хүний ар гэрт санал тавьснаас 31 хүний ар гэрээс тархины үхэлтэй донор болохыг зөвшөөрсөн. Элэг шилжүүлэн суулгах багт элэгний үйл ажиллагаа нь эргэшгүй өөрчлөлтөд орсон 430 хүнд амьд донор олдохгүй, тархины үхэлтэй донорын хүлээгдлийн жагсаалтад амь гуйгаад горьдлого тээгээд байж байна" гэж ярьсан юм. Мөн сүүлийн гурван жилд донорын жагсаалтад байсан 30 гаруй хүн донор олдохгүйгээс нас барсан. П.Батчулуун эмч болон эс, эд эрхтэн суулгах албатай холбоотой асуудал гарснаас хойш тархины үхэлтэй донор байхгүй болж амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зогсоод байгааг онцолсон.

Өнөөдөр мөн Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын багийн эмч нар мэдээлэл хийхдээ амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгуулахаар 600 гаруй хүн хүлээж байгаа гэсэн сэтгэл эмзэглүүлэм тоо баримтыг дурдлаа. 

Энэ үеэр Зөвлөх эмч Б.Төмөрбаатар "Эмнэлгийн практикт нэг цогцосноос 7-8 эрхтэн авч, шилжүүлэн суулгадаг. П.Батчулуун эмчийн албыг буруутгах болсноос хойш амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгах зогсож байна. Бид жилд 50-60 хүнд бөөр шилжүүлэн суулгадаг. 2024 онд 10 хүнд амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгасан. 2025 он гарсаар амьгүй донороос нэг ч мэс засал хийгээгүй" гэв.

Эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал нь зөвхөн нэг хоёр чадварлаг эмчийн үйл ажиллагаанаас хамаардаггүй. Системтэй, том баг ажиллаж байж, цаг алдалгүй оновчтой шийдвэр гаргаж, ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалдаг болохыг удаа дараа сануулсаар байна. Харамсалтай нь, энэ салбартаа толгой цохих хамгийн сайн мэргэжилтнийг өргөсөн тангаргийнхаа дагуу ажлаа хийсний төлөө ялтан болгосон нь улс даяар эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа доголдоход хүргэж, манай эрүүл мэндийн салбарт гарсан ололт амжилтыг шороотой хутгаж орхилоо. Тиймээс П.Батчулуун эмчид холбогдох асуудалд бүх шатанд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгааг зөвхөн эмч нар төдийгүй олон нийт ч шаардсаар байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх