Өнөөдөр Дэлхийн яруу найргийн баярын өдөр тохиож байна. Орос-Зөвлөлтийн цуут яруу найрагч, 1960-аад оны Зөвлөлтийн яруу найргийн “Агуу их тавал”-ын нэг Евгений Евтушенкогийн (1933-1917) шүлэг, найраглалаас манай нэрт орчуулагч Ж.Нэргүй түүвэрлэн орчуулж, “Надаас та нар намайг булаагаад авчихжээ” нэртэй монгол хэл дээрх анхны бэсрэг түүврийг 2017 онд гаргасан байдаг.
Уг түүвэрт багтсан зарим шүлгээс хүргэе.
ХЭНИЙХ Ч БИШ...
Далай тэнгисийн хүнгэнээ шиг явлаа. Хэнийх ч биш явлаа!
Даргиат хавцлын хүрхрээ шиг явлаа. Хэнийх ч биш явлаа!
Жавхалзах үүрийн гялбаа шиг явлаа. Хэнийх ч биш явлаа!
Жавартай үдшийн гялаан шиг явлаа. Хэнийх ч биш явлаа!
Хэнийх ч биш! Хэнийх ч биш!
Хэнийх ч биш байх нь азгүй байдаг юмсанж. Хэнийх ч биш!
Хөх тэнгэр шувуугүй, хөх усан загасгүй шиг. Хэнийх ч биш!
Хэнийх ч биш байх нь сураггүй болохтой адилхан юмсанж.
Хөх одон хар тэнгэрийг зураад өнгөрөхтэй ижилхэн юмсанж.
Од шиг! Од шиг!
Эз минь татав уу, аз минь ирэв үү, бүү мэд.
Эрхэлж ханав уу, зовлонд унав уу, бүү мэд.
Тэнгисийн мандал нойтон оддыг үсчүүлэх лүгээ адил
Тэнэмэл над руу чамайг минь гаргаад шидчихдэг байна шүү.
Гэрэвших харцаараа илэн далангүй чамдаан хэлье.
Гэрэлтэх навчис, далайн түрлэгээр чамдаан шивнэе.
Хэнийх ч биш байсныг минь өршөөж хайрла, чамаасаан гуйя.
Хэнийх ч биш байсан би, энэ тэнгис шиг, чинийх боллоо, чинийх.
Би чинийх! Би чинийх!
“Чинийх шүү, би чинийх” гэж шивнэхгүй юм аа, чи чинь!
Чимээгүйхэн ганцаараа л хэнийх ч бишээрээ бардам юм аа, чи минь!
Чимээгүйхэн, хэнийх ч биш байх л юм бол сураггүй болно оо, чи минь!
Чив чимээгүй тэнгэрт од харваад өнгөрөх шиг л болно оо, од шиг!
Од шиг! Од шиг!
Над руу чи минь ирэхгүй байх чинь хамаагүй ээ, хамаагүй ээ.
Нахилзах сэлүүрээр давалгаан дээгүүр захидал бичнэ ээ.
Одоохон чи минь эрэг рүү гараад ир ээ.
Онгон хайрын захиа шиг цахлай болгоныг шүүрээд ав аа.
Онгон хайрын, онгон хайрын захиа шиг ээ!
1976
БУРХАНААС ГУЙХУЙ...
Хараагүй хүнийг хараатай болгож хайрла,
Нуруугүй хүнийг нуруутай болгож хайрла,
Хэн хүнийг багахан ч атугай Бурхан болгож хайрла,
Хэнийг нь ч гэсэн загалмайд битгий цовдолж хайрла!
Хэнд ч битгий эрх тушаал олгож хайрла,
Хуурамчаар баатарлахыг хэн бүхэнд хориглож хайрла,
Хүн бүрийг энгүй баян болгож хайрла,
Хажуугаар нь хулгай хийхийг, чадвал, битгий зөвшөөрч хайрла!
Хэнбугайн ч нөлөөнд ордоггүй байж чадах
Хэрсүү нэгэн болгож хайрла, намайг!
Гүнтэн ч байгаад яахав, гэмтэн ч байгаад яахав.
Гуйлгачин ч байгаад яахав, дайлгачин* ч байгаад яахав.
Томоохон зодоонд орсны дараа
Багаахан шархтай салгаж хайрла!
Олоохон газрыг үзлээ ч гэсэн
Өөрийнхөө л нутагт хайртай байлгаж хайрла!
Өөрийн минь гутлыг өмссөн хүнийг
Өгзөг рүү минь өшиглөдөггүй байлгаж хайрла,
Авааль эхнэрүүд насан туршдаа нөхрийгөө
Адгийн ядуу байсан ч голдоггүй байлгаж хайрла!
Хүүхдийн уйлаанаас бурханы дуудлага сонсоод
Худалч хүмүүст амаа хамхих амгай хайрла,
Хутагтын биш гэхэд хүүхэн хүний дүртэйгээр
Христийг амьдаар нь олж харах заяа хайрла!
Загалмай бус, заяагаа л бид үүрсээр явнам.
Заяагаа үүрсээр улам ихээр бөгтийсөөр явнам.
Цаашдаа бүр араатан болчихгүйсэн л гэх юм даа.
Жаахан ч гэсэн бурханлиг сэтгэл түгээж хайрла!
Хамаг юмыг, хамаг юмыг олгож хайрла,
Хэнийг ч гомдоохгүйн тулд хүн бүхэнд хүртээж хайрла,
Хамаг юмыг-хамаг юмыг гэвч, хамгийн гол нь,
Хэний ч өмнө ичихгүй байх тэр л жаахан юмыг хайрла!
1990
........
*Дайнчин, дайсан гэсэн утгаар нь. “Гуйж ирдэг гуйлгачин, дайтаж ирдэг дайлгачин” (Монгол ардын зүйр үг.) Орч.
МАРТ НАМАЙГ...
Март намайг,
Мартах чинь таанууст
Агшин зуур ч гэсэн
Аз жаргал
Авчрах юм бол
Сэрүүн тайгын
Сэвэгнээ шиг март.
Сэвэгнээг нь үймүүлсэн
Салхи шиг март.
Март, намайг.
Өөрсдийгөөн мартдаг шиг март.
Өөрсдийгөөн мартавч
Өрөвддөг шигээн март.
Намайг дөнгөж халууцуулж,
Наана нь таануусыг
Хөргөдөг, хөлдөөдөг,
Хөл, гарыг чинь хуйхладаг
Хаврын түймрийн уулга шиг март.
Март, намайг.
Харанхуй хавцлын дээгүүр
Хурц гэрэлтэй цонхнуудаа яралзуулан
Хар хурдаараа шунгинан өнгөрч,
Ой дуртгалаас тачигнан холдоод
Оргүй тийшээ уусан алга болох,
Оюун ухаанаас арчигдан мартагдаад
Онхид сураг чимээгүй болох
Галт тэрэг шиг март.
Март, намайг.
Мартахаас битгий ай.
Мартагдсан, эсэх минь
Маньд хамаа байхгүй.
Таануус минь л өөрсдөө
Түгшүүртэйхэн нулимсандаа баригд.
Дандаа залуугаараа,
Дандаа л урвашгүй бай.
Мартахгүй байх нь харин
Мартагдсан хүмүүсийн эрх.
Магад амьдаараа зүүдлэгдэх нь
Алагдсан хүмүүсийн эрх ээ.
1977
СЭТГЭГДЭЛ Үлдээх