Цахим мэдээ
Хаана

Дахин төлөвлөлтийн бүсэд 300 айлын орон сууцны шав тавих ёслол боллоо

Олон жилийн турш иргэд, олон нийтийн анхаарлын төвд байж, өөрчлөлт, шинэчлэлтийн хүлээлт үүсгээд байсан хэсэг буюу Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг дахь ашиглалтын шаардлага хангахгүй болсон 1 болон 2 дугаар байрны дахин төлөвлөлтийн төслийг өнөөдөр /2025.03.26/ эхлүүллээ. Энд Улаанбаатар хотод баригддаг бизнес зэрэглэлийн орон сууцнууд сүндэрлэн босно. Ингэснээр иргэдийн орон байрны хэрэгцээг хангаад зогсохгүй орчин үеийн хэв маягийг бүрдүүлж, хот төлөвлөлтийн шинэ жишиг тогтоно гэдгийг төслийн хэрэгжүүлэгчид онцолж байв.

Тус барилга нь 6000м2 талбайг хамрах ба 300 айлын орон сууц юм. Гүйцэтгэгчээр 14 жилийн туршлагатай барилга угсралтын “Гурван эрдэнэ” ХХК-ийн хамт олон ажиллана.

Энэ үеэр Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр "Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлээ дэмжиж ажиллах чиглэл баримталж байгаа. Бид ч мөн орон нутгийн түвшиндээ хувийн хэвшлийн байгууллагуудыг дэмжин ажиллана. Төв аймаг 2025 оныг “Бизнесийн хөгжлийг дэмжих” урианы жил болгон зарласан. Урианы жил, баримталж буй бодлого маань нэг зүгт чиглэж байгаа. Үүний нэгэн илэрхийлэл болж олон жил уягдсан дахин төлөвлөлтийн анхны суурь өнөөдөр тавигдаж байна. Уг 300 айлын орон сууцны барилгын гүйцэтгэгч компанитай бид өнгөрсөн цаг хугацаанд байнга холбоотой байсаар ирсэн. Төв аймгийн иргэд тохилог, таатай орчинд амьдрах, цаашлаад ажилтай, орлоготой байх нь бидний зорилго юм. Барилга баригдах явцад төрийн зүгээс бүх шатанд дэмжиж, чанартай барилгыг цаг хугацаанд нь ашиглалтад ороход хамтарч ажиллахаа илэрхийлье. Иргэдийн эрх ашиг хамгийн түрүүнд явах ёстой.

Иргэд та бүхний дэмжлэгтэй барилгын ажил чирэгдэлгүй өрнөх байх гэсэн итгэл дүүрэн байна. Энэхүү барилгад зэс хоолой тавигдаж байгаа. Мөн металл хийцлэлийг шингээж, цонхыг 3 давхар вакум шилээр, тагтыг хар өнгөтэй хатаасан шилээр хийж байгаа нь шинэ өнгө төрх, стандартыг бий болгож байна" гэж онцоллоо.

СЭТГЭГДЭЛ Үлдээх