Цахим мэдээ
Урлаг, Спорт

Хиймэл оюун ухаанаар Ghibli хэв маягийн зураг үүсгэх нь Хаяао Мияазакигийн бүтээлийг үл хүндэтгэсэн үйлдэл мөн үү?

Сүүлийн үед хиймэл оюун ухааны тусламжтайгаар өөрийнхөө зургийг Studio Ghibli-гийн хэв маягаар хувиргах тренд эрчимтэй тархаж байна. Энэ нь анх харахад хор хөнөөлгүй, зүгээр л хөгжилтэй зүйл мэт санагдаж болох ч олон уран бүтээлчид, тэр дундаа аниме урлагийг хүндэлдэг хүмүүсийн зүгээс шүүмжлэл дагуулж байна.

“Forbes”-ийн сэтгүүлч Пол Тасси энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ, ийм төрлийн дүрслэл үүсгэх нь “бүтээлч, ёс суртахууны хувьд аймшигтай” бөгөөд Studio Ghibli-гийн үүсгэн байгуулагч Хаяао Мияазакигийн ур чадвар, хөдөлмөрийг үл хүндэтгэсэн хэрэг гэж тодорхойлсон. Учир нь Мияазаки олон арван жилийн турш уран бүтээлээ туурвиж, онцгой хэв маяг бий болгосон билээ. Харин хиймэл оюун ухаанаар хэдхэн секундын дотор түүний ур чадварыг дуурайлган хуулбарлаж байгаа нь түүний бүтээлч зарчим, үнэт зүйлсийг ноцтойгоор зөрчиж буй хэрэг гэж үзэх хүмүүс олон байна.

Хаяао Мияазаки өөрөө хиймэл оюун ухааныг урлагийн салбарт ашиглахыг эрс эсэргүүцдэг бөгөөд нэгэн ярилцлагадаа “AI урлаг бол жинхэнэ урлаг биш” хэмээн хатуу байр сууриа илэрхийлж байсан удаатай.

Иймээс олон хүмүүс “зүгээр л хөөрхөн харагдаж байна” гэж бодон тренд дагаж орохын өмнө энэ нь хэний хөдөлмөрийг хуулбарлаж, ямар зарчмуудыг зөрчиж байгааг бодолцож үзэхийг уриалж байна. Бид уран бүтээлчдийг үнэлж, тэдний хөдөлмөр, ур чадварт хүндэтгэлтэй хандах ёстой.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх