Цахим мэдээ
Хаана

Их Богд хайрхан иж бүрэн камерын хяналттай боллоо

Баянхонгор аймгийн Богд, Баацагаан сумын нутгийг хамардаг Төрийн тахилгат "Их Богд" хайрханы эргэн тойронд 60 ширхэг камер суурилуулж, бүрэн автомат камерийн хяналтыг нэвтрүүлжээ.

Байгаль орчны эсрэг аливаа хууль бус үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх, зэрлэг амьтны нүүдлийн зам жим, хөдөлгөөнийг тогтоох, тэдгээрийн бэлчээрийг хамгаалах, бусад тандалт, судалгаанд ашиглахад уг камерын хяналт чухал үүрэгтэй юм.

Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг, мөнх цаст Их Богд уул нь далайн түвшнээс дээш 3957 метр өргөгдсөн. Монголын их говьд орших атлаа хангайн байгалийг санагдуулам номин ногоон хөвд ургамал, өнгө алаглах цэцэгсийн хүрээлэн, хүрхрэн шуугих түргэн урсгалт гол горхиуд хосолсон үзэсгэлэнт байгалийг эндээс харж болдог.

Их Богд уулын оргилд зуны дунд сард цас будран орж байхад уулын дунд хэсэгт бороо орж, бэл хоолойд нь 20-30 хэмийн халуун байдаг өвөрмөц тогтоцтой. Энэхүү уул сүүлийн үед ууланд аялах дуртай аялагчдын сонирхлыг ихээр татаж буй бүс нутгийн нэг болоод байгаа юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх