"Ногоон автобусны" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шийдвэрийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх бүрэлдэхүүн өнөөдөр танилцууллаа.
Тус хэргийн гэм буруугийн шүүх хурал 20 гаруй хоног үргэлжилж, өнгөрсөн долоо хоногт /2025.04.02/ дууссан юм. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар болон бусад шийдвэрлэвэл зохих асуудлын талаар саналаа танилцуулав.
Тодруулбал, шүүгдэгч А.Ганхуяг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1-т заасан зүйл ангиар нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаанд хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2.2-т заасан хэрэгт дөрвөн жилийн хорих ялыг нээлттэй ангид эдлүүлэх, С.Жавхлантбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1-т заасан зүйл ангиар нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаанд хорих ял оногдуулна гэв.
Харин Ж.Сүхбаатарт холбогдох эрүүгийн хуулийн 22.1.3 /эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болголоо. Бусад зүйлчлэлийн хувьд гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны А/1620 дугаартай “Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 318 тэрбум төгрөгөөр нийтийн тээврийн 600 автобус худалдан авахаар шийдвэрлэсэн. Гэвч энэ тендерийг “маш нууц” ангилалд оруулж “Тэнүүн-Огоо” ХХК¬ийг шалгаруулан эдийн засгийн давуу байдал хууль бусаар бий болгосон, улс, нийслэлийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх эл хэрэгт Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, УИХ¬ын гишүүн асан Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ, нийслэлийн Засаг даргын орлогч асан Ж.Сандагсүрэн, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Г.Энхтайван, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар, тус газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Дөлгөөн, нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлт, “Тэнүүн-Огоо” ХХК¬ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, БНСУ-ын иргэн Лий Жон Соб, Ким Кэа Баум зэрэг 24 хүн энэ хэрэгт холбогдсон юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх