Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс (НҮБХХ) Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй АДАПТ төслийн дунд хугацааны хэрэгжилтийн үнэлгээ НҮБХХ-ийн олон улсын түвшинд онцлох үнэлгээг авч, 2025 оны НҮБХХ-ийн “Үнэлгээний Шилдэг Гүйцэтгэлтэй Төсөл” шагналыг хүртсэн байна.
НҮБХХ-ийн Хараат бус үнэлгээний албанаас 2020 оноос хойш чанар, ил тод байдал, нөлөөлөл гэсэн үндсэн гурван шалгуурт үндэслэн төсөл, хөтөлбөрүүдийг үнэлэн, шалгаруулж байна. "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” буюу АДАПТ төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг Завхан, Ховд, Дорнод болон Сүхбаатар аймгуудын хөдөөгийн иргэдийн дасан зохицох чадамжийг дээшлүүлэхээр зорьж ажилладаг байна.
АДАПТ төслийг үндэсний болон НҮБХХ-ийн тэргүүлэх чиглэлүүдтэй нийцсэн байдал, төслийн хүрээнд хүлээгдэж буй үр дүн, үр нөлөө болон уян хатан удирдлага, төсөл хэрэгжиж дууссаны дараах тогтвортой байдал, мөн, уур амьсгалын өөрчлөлтийн эрэгтэй, эмэгтэй хүмүүст үзүүлэх харилцан адилгүй нөлөөллийг харгалзан үзсэн жендэрийн тэгш байдлын үзүүлэлт зэрэг олон талт шалгуураар үнэлэн шалгаруулжээ.
Энэ талаар Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Энэхүү шагнал нь бидний ил тод, хариуцлагатай ажиллах зарчим болон тасралтгүй хөгжиж дэвших хүсэл эрмэлзлийн илрэл юм. Үнэлгээний хүрээнд гарсан зөвлөмжүүд нь зөвхөн АДАПТ төслийн дараагийн шатны төлөвлөлт төдийгүй бидний нийт төсөл, хөтөлбөрүүдийн боловсруулах, хэрэгжих явцад ч мөн чухал хувь нэмэр оруулж байна” хэмээн онцоллоо.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц. Уртнасан “АДАПТ төслийн хэрэгжилт, үйл ажиллагааны чанар нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж байгаад бид таатай байна. Энэ үнэлгээ нь бидний хувьд үр дүнтэй арга хэмжээнүүдийг өргөжүүлэн тэлэх, залруулах шаардлагатайг нь сайжруулах боломжийг олгож байна. Цаашлаад төслийн үр шимийг иргэдэд илүү тогтвортой, урт хугацаанд, хүртээмжтэйгээр хүргэхэд чухал ач холбогдолтой” гэв.
СЭТГЭГДЭЛ Үлдээх