Цахим мэдээ
Хэн

АМЬДРАХ ЭРХ, АВРАХ ҮҮРЭГ ТҮҮНД БИЙ...

           Олон хүний амь насыг эх орондоо аврахын төлөө бүхий л амьдрал, цаг хугацаа, эрүүл мэндээ золин байж туулж ирсэн тэрхүү зорилго ганцхан буруу ойлголтоос шалтгаалж орвонгоороо эргэж эрүүл мэндийн салбарын эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа хэмээх нэгэн түүхийг тэр чигт нь баллуурдлаа.

Одоо энэ төрлийн хагалгаа зогсонги байдалд буюу дэлхийгээс 100 жилээр хоцорч яваа манай эрүүл мэндийн салбарыг түүнээс ч их хугацаагаар ухраах алхам боллоо. Учир нь эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орох эмч мэргэжилтнүүд байхгүй бүгд л халгаж, хашрах болов. Магадгүй нэг ч гэсэн хүний амь аваръя гэж зориглон орлоо гэхэд нэг хөл нь торны цаана нэг хөл нь тоост хорвоод туучих хүндхэн зам учраас хэн л торны цаадах амьдралыг хүсэн ийн зориглох билээ. Монгол улсын эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах салбарыг бүхэлд нь төлөөлж амьгүй донор болох боломжтой нэгний ар гэрийнхэнтэй нь уулзах, амьдрахын эрхэнд хүлээх жагсаалтад буй өвчтөний зовлонгоос хугаслах хатуухан үүргийг П.Батчулуун эмч ганцаар гүйцэтгэж байв.

П.Батчулуун эмч эд эс эрхтэн шилжүүлэх бүх ажлыг ганцаараа хариуцах юм шиг мөртөө түүний цаана тал бүрийн нарийн мэргэжлийн бүтэн баг ажиллаж бусдын амь насыг аварсаар иржээ. Харин одоо П.Батчулуун эмч ял авснаар энэ нарийн мэргэжлийн эмч нар ял авснаас ялгаагүй болж нийгэм тэр чигтээ нас барагсдын эд эрхтнийг эмч нар тоноод авчихдаг хэмээх буруу ойлголтыг төрүүлж, донороос зөвшөөрөлгүй эд эс эрхтэнг авч болдог мэт буруу ойлголтууд гаарч байна. Саяхан хууль зүйн сайд О. Алтангэрэл “П.Батчулуун эмчийг суллах процесс явагдаж байна” гэх мэдээлэл гарснаар иргэд суллах гэж байна баяр хүргэе хэмээн бичжээ. Гэтэл мэдээллийн цаана П.Батчулуун эмчийг магадлангаар буюу ялыг биеэр эдлэх боломжгүй учраас ийнхүү суллаж байгаа хэрэг буюу ЦАГААТГААД суллаж байгаа хэрэг биш юм.

П.Батчулуун эмчийн хувьд анхан шатны шүүх хурлаас эхлээд шүүхийн шат болгонд өөрийгөө алдаа гаргаагүй учраас цагаатгаж өгнө үү гэдэг хүсэлтдээ хатуу зогсож иржээ. Одоо дээд шүүхэд ч хандсан байгаа юм байна. Үнэн учрыг нь шүүх зөв шүүн тунгааж иргэдийн буруу ойлголтыг дэнсэлж өгөх нь юу юунаас илүү чухал болоод буй. Манай улсад дөнгөж л тогтохтой байгаа эд эс эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбар, үйл ажиллагааг цаашид нутагшуулах уу эсвэл энд хүргээд дуусгавар болгох уу гэдэг нь түүний цагаадах уу эсвэл ялтай хэвээр байх уу гэдгээс шууд хамаарч байна.

П.Батчулуун эмч суллагдаж асуудал шийдэгдэж буй мэт боловч түүний энэ хугацаанд босгож ирсэн ажил үгүйсгэгдсэн, эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах ойлголтод арилшгүй толбо тогтсон хэвээрээ байх юм. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

  • Зочин (128.140.92.116)
    Эмчийг сулал
    2025 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (128.140.92.116)
    Эмчийг сулал
    2025 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (128.140.92.116)
    Батчулуун эмчийг суллаж цагаатгах ёстой
    2025 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (128.140.92.116)
    Батчулуун эмчийг сулал
    2025 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (128.140.92.116)
    Батчулуун эмчийг суллаж цагаатгах хэрэгтэй анх ард иргэд буруу сэвээнд итгэж буруугаар бодож байсан ч одоо бол бүгд эмчийн талд байгаа шүү
    2025 оны 04 сарын 23 | Хариулах