“Ice top” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг нас барсан талаар дүү нь өчигдөр цахим хуудсандаа мэдээлсэн. Тэрбээр ахыгаа энэ сарын 6-наас хойш сураггүй болж, холбоо тасарсан хэмээгээд өөрөө тус улсад очиж эрэн хайж байгаагаа мэдэгдсэн билээ. Түүний дүү Б.Од-Эрдэнэ өчигдөр үдэш шууд дамжуулалт (live) хийж, ах нь амиа алдсаныг мэдээлж, "Энэ ээдрээтэй хэрэгтэй холбоотой мэдээллүүд байгаа. Надад хамгаалалт хэрэгтэй байна" гэсэн юм. Тэгвэл Тайландын цагдаагийн байгууллагаас Б.Оргил-Эрдэнийг мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас хордож нас барсан байж болзошгүй гэж үзэж, нарийвчилсан үзлэг шинжилгээ хийх, эсэх талаар ар гэрээс нь зөвшөөрөл авах хүсэлтэйгээ манай хууль хяналтын байгууллагынханд илэрхийлсэн гэнэ. Талийгаач Б.Оргил-Эрдэнэ мансууруулах бодис хэрэглэж буй бичлэгээ энэ сарын эхээр олон нийтийн сүлжээнд цацаж, олны дургүйцлийг төрүүлснээс хойш сураггүй болсон байдаг.
Манай цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг үйлдэх арга, хэрэгслийг сурталчлахыг хуулиар хориглох заалтыг үндэслэн түүний хийсэн бичлэгийг устгуулахаар гадаад, дотоодын холбогдох байгууллагад хандаж байсан билээ. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард хилээр гарч, Тайланд, Макао, Вьетнам зэрэг оронд амьдарч байсан юм.
Талийгаачийн хувьд өмнө нь буюу 2006 онд мансууруулах бодистой холбоотой, хип хоп хамтлаг, дуучид, дижи "Өөжий" хэмээх О.Ганболд, "Нарантуул" захын эзэн Ш.Сайхансамбуугийн хүү С.Наранбат зэрэг цөөнгүй хүний хамт Баянзүрх дүүргийн шүүхээс ял шийтгүүлж байсан нэгэн.
СЭТГЭГДЭЛ Үлдээх