Засгийн газрын тэргүүн, Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнэ түүний хүүгийн бэл бэлчингийн асуудал засгийн газрын тогтвортой байх эсэх асуудалд эргэлзээ үүсгээд буй. Мэдээж ерөнхий сайдын хувьд өнгөрсөн долоон хоногт хийсэн тайлбартаа миний хүү найз охинтой болсон нь үнэн байна, бэлэг сэлт өгсөн нь үнэн байна, би хүүтэйгээ ний нуугүй ярилаа гээд мэдэгдэл хийхдээ Ерөнхий сайдын хийж буй ажлыг сатааруулах, удаашруулахтай холбоотойгоор "ялаанууд" улс төржилт бий болгосон гэх агуулга ярьсан. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө орлогоо нотлох нь битгий хэл замхруулаад өнгөрөх нь гэх иргэдийн хардлага улам хүчээ авч жагсаал цуглаан ч хүрээгээ тэлж өнөөдөр жагсагчдын шаардлагад АН-ын зүгээс ч нэгдээд авлаа. Хамтарсан засгийн газар гэж нэрлэгдээд нэг халаасанд ороод буй МАН, АН, ХҮН нам иргэдийн хүлээлтэд хүрэхгүй тун тааруу ажиллаж буй. Хамтарч эхэлснээс л татвар, татаас нэмэгдэж, иргэдийн амьжиргаа улам дордсон нь хатуу үнэн. Гэвч улсын том нэртэй МЕГА төслүүдийг хөдөлгөж буй тул бусад асуудлыг хойш тавиад дайраад л байгаа. Магадгүй өнөө маргаашдаа үр шим нь гарахгүй ч гэлээ хэзээ нэгэн цагт үр шимийг нь хүлээх иргэд засгийн газартаа боломж олгоод чимээгүй л өнөөдрийг хүрлээ. Харамсалтай нь ард иргэдээ хавчин дарамтлах, татвар татаасыг нь нэмэхээс өөрөөр засгийн ажил харагдахгүй байх тул ийн туйлдсан иргэд эцэстээ жагсахаас өөр аргагүйд хүрлээ. Нэг талаас хөрөнгө орлого нотлохыг, нөгөө талаас шударга үнэн байхыг, цаашлаад боломжоо алдсан залуу үе эх орондоо боломжоо эдлэхийг хүсэж буй юм
.
Тэгвэл Шадар сайд Т.Доржхандын хувьд өнөөдөр мэдээлэл өглөө. Мэдээллийн үеэр "Үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, тэр хөрөнгөөрөө тансаглан гадаадад байшин авч, оффшор дансанд мөнгөө байршуулсан эрх мэдэлтэй хүмүүсийн асуудлыг ярилцъя. Тэгээд ийм хүмүүст хариуцлагаа хүлээ, энэ мөнгөө төлөөд эрх чөлөөтэй яв гэдэг хоёр сонголтыг өгөх гээд байна. Ямар нэгэн байдлаар хүмүүсийн орлогыг үндэслэлгүйгээр хурааж, улстөржүүлж, өрсөлдөгчөө намнах гэж байгаа зүйл огт биш. Бид хуулийн эрх зүйн орчныг нь Засгийн газар дээр ярьж байгаад нээнэ. Эрх мэдэлтэй хүмүүс нь бүгдээрээ орлогоо нотлоё. Нотолж чадахгүй бол улс төрийн хариуцлага хүлээж, үүрд явна. Үгүй бол тэр их хэмжээний мөнгө эргүүлэн төл гэдэг байдлаар хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар ярьж байна. Энэ ажлыг Ерөнхий сайд өөр манлайлан хийж байна.
Өөрөө орлогоо нотолно. Хэрвээ нотолж чадахгүй бол ажлаа өгнө. Мөн бидний хувьд ийм асуудал гарвал орлогоо нотолно, чадахгүй бол ажлаа өгнө. Ямар ч асуудал байхгүй. Энэ зарчим бол зөв.
СЭТГЭГДЭЛ Үлдээх