Цахим мэдээ
Хаана

Нялх хүүхдийн амийг бүрэлгэсэн 61 настай иргэнд 14 жил хорих ял оноолоо

       Төв аймгийн Баянхангай сумд энэ оны хоёрдугаар сарын 3-нд нэг ой найман сартай хүүхдийг хутгалж хөнөөсөн хэрэг гарсан юм. Тус сумд амьдардаг 61 настай иргэн Л.Пүрэвсүрэн гэх эр согтуудаа нялх охины аминд халдсан талаар бид цаг тухайд нь мэдээлж байсан. Уг хэргийг Төв аймгийн Заамар дахь Сум дундын цагдаагийн хэлтэст шалгаж, Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас хяналт тавьж, улмаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Тус шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн, Ц.Отгонжаргал, Ю.Энхмаа, улсын яллагч НПГ-ын хяналтын прокурор Г.Янжиндулам, шүүгдэгч Л.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, хохирогч хүүхдийн хууль ёсны төлөөлөгч Б.Борхүү, Ё.Урантогос нарыг оролцуулан тавдугаар сарын 30-нд хэргийг хянан хэлэлцжээ. Шүүх бүрэлдэхүүн Л.Пүрэвсүрэнг Эрүүгийн хуулийн 10.1-3 дахь хэсэгт заасан “Бага насны хүүхдийг хөнөөсөн” гэм буруутайд тооцсон юм. Энэ үед шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс хохирол, төлбөр төлөхийн тулд завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авчээ. Энэ хугацаа өчигдөр 09.00 цагт дуусаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хурлыг үргэлжлүүлэн хийгээд Л.Пүрэвсүрэнд нээлттэй хорих байгууллагад 14 жил ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх