Цахим мэдээ
Юу

Б.Энх-Амгалан: Иргэний төлсөн НДШ-ийн 4 хүртэлх хувийг өөрийнх нь нэр дээр хуримтлуулах тогтолцоо бүрдүүлж байна

Засгийн газраас өнөөдөр гаргасан шийдвэрийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Б.Энх-Амгалан сэтгүүлчдэд танилцууллаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Б.Энх-Амгалан:

-Нийгмийн даатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо. Огцорчхоод яагаад ийм шийдвэр гаргаж байгаа юм бэ гэдэгт иргэд шүүмжлэлтэй хандаж магадгүй. Татвар болон нийгмийн даатгалын хуулийг шинэчлэхэд цаг хугацаа шаардсан. Бас тодорхой эх үүсвэр шаардсан. Өнгөрсөн хугацаанд олон нийтийн дунд хийсэн хэлэлцүүлгийг үндэслэж, өнөөдөр энэ хуулийн төслийг өргөн барьж байна. 

Нийгмийн даатгалын шинэчлэл гэж юу вэ?

        Монгол Улс анх удаа нийгмийн даатгал, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх гэж байна. Тогтолцооны шинэчлэлийг Дэлхийн улсууд 2 янзаар ойлгодог. 1-рт, олон эх үүсвэрээс тэтгэвэр авдаг тогтолцоог ойлгодог. Одоо бол бид ганцхан эх үүсвэрээс тэтгэвэр авдаг. УИХ-д өргөн барих гэж буй энэ хууль батлагдвал хүн тэтгэвэрт гараад, 1 биш олон эх үүсвэрээс тэтгэвэр авдаг болох боломжийг бид нээж байна. 1-рт, бид суурь тэтгэврийн тогтолцоог оруулж ирж байна. Манай улсын тэтгэвэр авагчдын 54% нь тэтгэврийн доод хэмжээг авдаг. Цаашдаа тэтгэврийн доод хэмжээ гэдэг ойлголт Монголд байхгүй болно. Суурь тэтгэвэр бий болсноор энэ ойлголт байхгүй болно.

Суурь тэтгэвэр гэж юу вэ гэхээр хүмүүс өнөөдөр 20-иос дээш жил ажилласан бүх даатгуулагч ажилласан хугацаанаас үл хамаараад, ижил хэмжээний тэтгэвэр тогтоолгодог. Тэтгэврийн доод хэмжээгээ тогтоолгодог гэсэн үг. Энийг өөрчилж, 10-аас дээш жил НДШ төлсөн иргэн бүр ажилласан хугацаанаас хамаарсан суурь тэтгэвэртэй болно. Одоогийн тогтолцоо бол 2 дахь тогтолцоо. Ажилласан жил, төлсөн шимтгэлээс хамаарсан одоогийн тэтгэвэр. 3-рт, Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг бид давхар өргөн барина. Ийм 3 эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж Монгол Улсад өнөөдөр нээгдэж байна.

Ажил олгогчдын төлдөг НДШ-ийг яах вэ?

НДШ-ийг бууруулъя гэж 100 мянган хүн санал гаргасан. Өнөөдөр УИХ-д өргөн барьж буй хуульд ажил олгогчийн төлдөг НДШ-ийг 2 хүртэлх хувиар бууруулах хөнгөлөлт, чөлөөлөлт олгож байна.

Иргэний төлсөн НДШ-ийн 4 хүртэлх хувийг өөрийнх нь нэр дээр хуримтлуулах тогтолцоо бүрдүүлж байна. Өнөөдөр НДШ-ээ бууруулаад, бага тэтгэвэр авах уу, эсвэл өөрийнхөө төлж буй 8.5%-ийн НДШ-ээс 4%-ийг бодитоор хуримтлуулж, хувийн тэтгэвэр лүүгээ шилжүүлэх үү гэдэг шинэчлэл хийж байгаа юм.

Шинэчлэл юу байх вэ?

1-рт, хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцооны хуулийг өргөн барьж байна. Хувийн тэтгэвэртэй болно гэсэн үг.

2-рт, хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж байна. Манайхан хэлдэг шүү дээ, бидний төлж байгаа НДШ бусдад очоод байна гэдэг. 1979 оноос хойш төрсөн даатгуулагчид нэрийн данстай болсон. Тэдний төлж буй 8.5%-ийн НДШ-ийн 4%-ийг нэрийн дансанд нь шилжүүлнэ. Ингэснээр хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж байна.

3-рт, нийгмийн даатгалын байгууллагыг мэргэжлийн байгууллагаар удирдуулна. НДС-гийн мөнгийг арилжааны банкуудад хадгалуулаад алдчихдаг. Үүнийг мэргэжлийн байгууллагаар удирдуулж, НДС-гийн менежментийг ил тод болгоно. Аж ахуйн нэгжид ганцхан байцаагч очно. Татварын, нийгмийн даатгалын гээд олон байцаагч очдогийг болиулна. НДС-гийн орлогыг татварын байцаагч бүрдүүлдэг болно.

4-рт, ажил олгогчийн НДС-д төлөх шимтгэлд дээд хязгаар тогтоож байна. Ажиллагсдадаа өгч буй цалингаас НДШ төлөх нь ажил олгогчдод маш том ачаалал үүсгэдэг. Тиймээс өндөр цалин өгч буй ажил олгогчийг дэмжинэ. Хувь хүн өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмсэнтэй тэнцэх цалингаас хамгийн дээд талын шимтгэл төлөхөөр хязгаар тогтоочихсон шүү дээ. Аж ахуйн нэгж дээр ийм хязгаар тогтоогоогүй. Одоо хувь хүн, аж ахуйн нэгж адилхан болж байна.

5-рт, хөлсөөр ажиллах, хөдөлмөрийн гэрээгээр ажиллах зэргээр НДШ-ийг давхардуулан авч байна гэж ярьдаг. Энэ шимтгэлийг давхцуулахгүй болох зохицуулалт хийж байна.

6-рт, Ажил олгогчийг НДШ-ээс 2.5 хүртэлх хувийн хөнгөлөлт, чөлөөлөлт олгож байна. НДС-гийн нийт орлого 5.6 их наяд. Үүний 2.7 их наядыг ажил олгогч нар төвлөрүүлдэг. Үүний 500 гаруй тэрбум төгрөгийг хөнгөлж байна. Энэ бол 4000 хүнд орон сууцны зээл олгох хэмжээний мөнгө.

7-рт, ажил хийж буй оюутныг НДШ-ээс чөлөөлнө.

8-рт, сайн дурын даатгуулагчийн НДШ төлөх хугацааг уян хатан болгож байна. Манайд сайн дураараа НДШ төлдөг 140 мянга гаруй иргэн бий. Хэзээ орлого олно, тэр үедээ НДШ-ээ төлөх боломж олгож байна.

9-рт, ахмадууд ажил хийвэл НДШ-ээс чөлөөлнө. Одоо бол ахмадуудаас НДШ авч байгаа.

10-рт, мега төсөл хэрэгжүүлж буй үндэсний аж ахуйн нэгжийн НДШ-ийг тодорхой хуваариар төлөх уян хатан нөхцөл бүрдүүлж байна. Төслөө хэрэгжүүлж дуусаад, үйлдвэр нь ашиглалтад орсны дараа төлөх боломжтой.

11-рт, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг НДС-гаас бүрэн хариуцдаг болгож байна. Одоо бол үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал гэж шимтгэл авдаг мөртлөө бүрэн хариуцдаггүй. Үүнийг 100% НДС хариуцдаг болно. Ажил олгогчид давхар ачаалал өгөхгүй.

12-рт, ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөлийг өөрчилж байна. Ажил олгогчийг урамшуулж, хүн компанидаа тогтвортой ажилладаг болгоход анхаарч, туулайчлах явдлыг зогсооно.

13-рт, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин гаргаагүй аж ахуйн нэгжид 1 хүртэлх хувийн хөнгөлөлт олгож байна.

Өнөөдөр Тэтгэврийн санд өгч буй ачааллыг ярилцсан. УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулиар нэг хэсэг нь хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гардаг явдал ирээдүйд байхгүй болно. Бүгдээрээ адилхан шимтгэл төлнө. Бүгдээрээ төлсөн шимтгэлээсээ л тэтгэвэр авна. Тэгэхгүй бол нэг хэсэг хүний төлсөн шимтгэлээс нөгөө хэсэг нь хөнгөлөлт болгож авдаг, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гардаг явдлыг таслан зогсооно. Та бидний тэтгэвэрт гарах нас 2018 оноос хойш 3 сараар нэмэгдэж байгаа. Хэсэг хүнийх нэмэгдэхгүй байгаа. Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарч буй улсуудынх. Үүнийг адилхан болгоно. Ирээдүйд тэтгэвэрт гарах хүн бүрийн тэтгэвэрт гарах насыг 3 сараар нэмнэ. Одоо тэтгэвэрт гарчихсан хүмүүст хамаагүй.

Одоо Монгол Улсад 4000 гаруй ажил мэргэжлийн жагсаалт байна. Үүний 1/4 буюу 1413 жагсаалтаар хүмүүс хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарч байна. Бусдынхаа төлсөн шимтгэлийг шимэгчилдэг гэсэн үг. Бусдын төлсөн шимтгэлийг нэг хэсэг нь тэтгэвэр, тэтгэмж болгож авдаг явдлыг зогсооно.

НДС дампуураагүй, Монгол Улсын хамгийн том сан. НДС-д 5.6 их наяд төгрөгтэй. Төсвөөс олгож байгаа цэргийн тэтгэвэр, 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэвэр 1.7 их наяд. Ингээд 7.2 их наядын сан өнөөдөр Монгол Улсад ажиллаж байна. Дахиж ийм санг бид байгуулж чадахгүй. Хувийн компаниуд ч байгуулж чадахгүй.

Тэтгэврийн санд өнгөрсөн хугацаанд үүсгэсэн алдаа дутагдлыг хамтарсан Засгийн газрын үед, 126 гишүүнтэй парламентын үед засаж, тогтолцоогоо шинэчилнэ. Цаашид УИХ-ын гишүүн дангаараа Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьдаг явдалд өндөр босго тавина. Сонгууль дөхөхөөр УИХ-ын гишүүд дур дураараа Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулдаг. Ингэснээр бусдын төлсөн НДШ-ийг нэг хэсэг нь хөнгөлөлт, чөлөөлөлт болгож авдаг явдлыг таслан зогсооно.

Ийм хуулийн төслийг өнөөдөр Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн барих зөвшөөрөл авлаа.

СЭТГЭГДЭЛ Үлдээх