2025 оны 06 сарын 09-ны өдөр Зам, тээврийн яаманд “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээ” аж ахуйн нэгж хоорондын гэрээнд гарыг зурах ёслол боллоо.
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь нийт 32,6 км урт, 1 дүгээр зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, үүнээс гол замын урт 19,5 км, 8-31 метр өндөр дан болон хос замтай гүүрэн байгууламжтай, өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байх юм.
Хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламж, өргөн болон нарийн царигийн өртөө, технологийн барилга, байгууламж зэрэг суурь бүтцийн ажлыг 24 сарын хугацаанд гүйцэтгэж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр албан ёсоор Монгол, Хятад талаас хоёр талын гүүрний эхний шон суурийг өрөмдөж, барилгын ажлыг эхлүүлж байна. Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ, тээвэр логистикийн чадавхи, эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болно.
Мөн тээврийн зардал 2–2.5 дахин буурч, экспортын гарц 30 сая тонноор нэмэгдэж, тээврийн орлого 300 сая ам.доллароор өсөх эдийн засгийн тооцоолол гарсан байна. Үүнээс гадна төслийн хүрээнд 200 байнгын, 800 түр ажлын байр шинээр бий болж, бүс нутгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодит хөшүүрэг болох юм.
Ийнхүү Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хамтдаа бодитоор эхлүүлэхээр “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК-иуд барилгын ажил гүйцэтгэх гэрээний төслийг эцэслэн тохирч гарын үсэг зурж баталгаажууллаа.
Энэхүү хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт хэрэгжснээр Засгийн газар хоорондын хэлэлцээрээ тохирсон Монгол, Хятадын хилийн боомтууд болох Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл боломж бүрдэж байгаа бөгөөд үр дүнд нь нүүрсний экспортын хэмжээ 83 сая тонн байгаагаас 165 сая тоннд хүрэх, жилийн экспортын орлого 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэх, Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 10,000 ам.долларт хүрэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх