Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2025.06.10/ хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1, 2, 3, 5, 7 дугаар зүйлтэй холбогдуулан гишүүдээс болон ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулав. Мөн хамт өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулав. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна.
Мөн Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Цогийн Оч болон Энэбишийн Золзаяа нарын танилцуулгыг сонсож асуулт хариулт авлаа. Хоёр нэр дэвшигчийн хувьд хоёул дээд шүүгчид нэр дэвшигчид тавигддаг шалгууруудыг хангаж байгаа тухай хуралдаанд оролцсон гишүүд тодотгосон бөгөөд байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн П.Сайнзориг танилцуулна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх