Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам (ХББОСЯ)-ны газрын даргаар ажиллаж байсан. Д.Гантулга нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүхэд хянаад анхан шатны шүүхийн прокурорын хяналтад буцаах захирамжийг хэвээр нь үлдээлээ. Тэрбээр ХББОСЯ-ны Барилга, барилгын материалын бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, барилгын компаниудаас хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, Д.Ганзоригийн үүсгэн байгуулж, эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй "Орчлонконсалтинг", "Орчлонконстракшн" ХХК-д давуу байдал бий болгож, онцгой төвөгшилтэй барилгын тусгай зөвшөөрөл олгуулахын тулд Барилгын хөгжлийн төвийн албан тушаалтанд нөлөөлж, гаргуулан өгсний хариуд захирлаас нь 20 сая төгрөг авсан хэрэгт холбогдсон. Өөрөөр хэлбэл, "Орчлон тауэр" төслөө хэрэгжүүлэхийн тулд Д. Ганзориг хуулийн зөвлөх Гүнжинлхамаараа дамжуулан 2024 оны зургаадугаар сард уг мөнгийг өгсөн байдаг. Мөн "Глобал бридж констракшн" ХХК-ийн "Глобал таун" хотхоны D хэсгийг Улсын комисст хүлээн авсан шийдвэрийг баталгаажуулж гарын үсэг зурсны хариуд эцсийн өмчлөгч Д.Баянзулаас нь 2024 оны арваннэгдугээр сард 6.6 сая төгрөгтэй тэнцэх валют хахуульд авсан хэрэгт холбогдсон юм.
НПГ-аас ХББОСЯ-ны газрын дарга асан Д.Гантулгад Эрүүгийн хуулийн 22.4-1 дэх хэсгийн "Нийтийн албан тушаалтан хахууль олгогчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүрэг хэрэгжүүлсний хариуд хахууль авсан" "Орчлонконсалтинг" ХХК-ийн захирал Д.Ганзориг, "Глобал бридж констракшн" ХХК-ийн захирал Д.Баянзул нарт мөн хуулийн 22.5-1-ийн "Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн" гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч өнгөрсөн сарын 1-нд урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг нь хийгээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэн прокурорын хяналтанд буцаасан.
Ингэхдээ "Алтанжолоо импэкс" ХХК-ийн захирал В.Энхбаатарын үйлдлийг тодруулах, Д.Гантулгын гэр, ХББОСЯ дахь албан тасалгаанаас нь хураасан их хэмжээний валют, төгрөгийн эх үүсвэрийг нарийвчлан шалгуулах ёстой гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, "Алтанжолоо импэкс" ХК-ийн захирал В.Энхбаатар Сүхбаатар дүүргийн нутаг, циркийн хажууд барьсан "Алтанжолоо тауэр"-ийг Улсын комисст хүлээлгэн өгсөн орой нь .Гантулгад "гадаад руу явах гэж байна, сайн яваарай" гэж хоёр сая төгрөг өгсөн аж. В.Энхбаатарыг шалгах ёстой гэж дүгнэжээ. Анхан шатны шүүхийн нэмэлт ажиллагаа хийлгэх захирамжийг НПГ-ын хяналтын прокурор Г.Онон үндэслэлгүй гэж үзэн эсэргүүцэл бичсэн нь давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн түүнийг нь хэрэгсэхгүй болгосноор "Алтанжолоо импэкс" ХХК-ийн захирал В.Энхбаатарыг шалгахаар үндэслэл бүрдэв.
СЭТГЭГДЭЛ Үлдээх