Сүүлийн үед эмнэлэгт ирж эмчлүүлж байгаа хүүхдүүдийн байдлаас харахад маш олон өсвөр насны хүүхдүүдэд сколиозын илэрхий шинж тэмдэг илэрч байна. Эцэг эхчүүд тэр бүр анзаарахгүйн улмаар бага багаар хүндэрч мурийлт нь ихэссэн байдаг.
Ямар үе шатандаа байгаа, аль эмнэлэгт ямар эмчилгээ хийлгэх, ямар хүчин зүйл мурийлт үүсэхэд даамжрахад нөлөөлдөг талаар мэдэхгүй байх нь элбэг тул хаана хандах талаараа мэдэхгүй асуудал гарч байгааг эмч мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна.
СКОЛИОЗ БУЮУ ХАЖУУГИЙН МУРИЙЛТ гэж ямар өвчин бэ?
Багана нуруу нь хүзүү, бүсэлхий орчимд хотгор, сээр ууцны хэсэгт гүдгэр хэлбэртэй байдаг ч эгц урд болон арын байрлалаас харахад нэг шугамд тэгшхэн байрладаг байх ёстой. Энэ эгц байрлал алдагдах буюу нуруу хажуу тийш мурийхыг сколиоз (scoliosis of spine) гэдэг.
Сколиозын шалтгаан
Сколиоз үүсэх шалтгааныг нарийвчлан тогтоогоогүй ч ОХУ-ын эрдэмтэн А.И.Казвмины таамаглалаар жийргэвчийн цөм хэсэг ямар нэг шалтгааны улмаас жийргэвчнийхээ төвд байрлаж чадахгүй, дискний аль нэг зах тийшээ шилжинэ. Үүний улмаас жийргэвч бүхэлдээ цөм хэсэг байрлаагүй хэсэг тийшээ шахагдан шилжиж, улмаар нугалам хазайснаас сколиоз үүсдэг байж магадгүй гэж үзэж байна. Мурийлтын нумын тогтвортой байдал, мурийлтын зэрэг нь өвчний үе шатаас хамаарахаас илүү дискны цөмийн шилжилтийн зэргээс хамаарна гэж үзэж болох юм.
Шалтгаанаар нь:
Насанд хүрэгчдийн сколиоз: Араг яс бүрэн боловсорч гүйцсэний дараа ямар нэгэн шалтгааны улмаас үүссэн нурууны муруйлт.
Төрөлхийн сколиоз: Төрөх үед тохиолддог нурууны ясны гажигтай холбоотой үүсдэг мурийлт. Гаж хөгжлийг нугалмын дутуу хөгжил эсвэл сегментийн дутуу хөгжлийн шалтгаантай гэж ангилдаг. Удамшлын шалтгаантай үүсч болно.
Идиопатик сколиоз: Шалтгаан нь тодорхойгүй нурууны бүтцийн муруйлт.
Мэдрэл-булчингийн сколиоз: Төв мэдрэлийн систем эсвэл булчингийн гаралтай мэдрэлийн эмгэгүүдээс үүдэлтэй нурууны муруйлт.
Истерик сколиоз: Сэтгэлзүйн эмгэгийн улмаас нуруунд үүссэн бүтцийн бус муруйлт.
Бүтцийн бус, дасан зохицлын сколиоз: Биеийн хэвийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс, тогтвортой бус, дасан зохицлын шинж чанартай үүсдэг муруйлт юм. Муруйлт нь хөлний урт зөрүүтэй байх (энэ тохиолдолд өвчтөн хэвтэх үед арилдаг), биеийн байдал хүнд албадмал байрлалтай байх, булчин чангарах зэргээс шалтгаалан үүсч болно.
СЭТГЭГДЭЛ Үлдээх