Цахим мэдээ
Мэдээ

"Вакцинжуулалтыг хэрхэн эрчимжүүлэх талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ярилаа. Нөөц хөрөнгөөс санхүүжилт гаргаж ажиллана..."

Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний дэгдэлт буурахгүй, бага насны хүүхдүүдийн эндэгдэн  ноцтой асуудал болоод байна.  /2025.06.20/ Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ХӨСҮТ-д ажиллаж тус өвчний өнөөгийн нөхцөл байдал, дэгдэлтийн хариу арга хэмжээ, вакцинжуулалтын явц, эндэгдлийн шалтгаантай танилцан, эрчимт эмчилгээний тасаг болон хүлээн авах хэсэгт ажиллав.

Тэрбээр: “Улаанбурханы халдвар тархах нь маш хурдтай байна. Сургууль цэцэрлэг амарсан ч амралтын чиглэлтэй холбоотойгоор халдвар тарах эрсдэлтэй. Баян-Өлгий аймагт тохиолдол бүртгэгдээгүй байсан ч сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр бараг улс даяар тархсан гэсэн үг. Ирэх сард найр наадам болно. Улаанбурхан өвчнөөр гол төлөв бага насны хүүхдүүд өвдөж, эндсэн тохиолдлууд вакцинд хамрагдах нас болоогүй хүүхдүүд байсан байна. Вакцинжуулалтыг хэрхэн эрчимжүүлэх талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ярилаа. Нөөц хөрөнгөөс санхүүжилт гаргаж ажиллана" хэмээн онцлов.

Өнөөдрийн байдлаар Улаанбурхан өвчнөөр нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 7.6 хувь нь хөнгөн, 86.6 хувь нь хүндэвтэр, 5.3 хувь нь хүнд, 2 тохиолдол нэн хүнд явцтай байна. Газарзүйн байршлаар харахад Улаанбаатар хотод 88.6 хувь нь бүртгэгдэж, 20 аймагт өвчлөл бүртгэгдсэнээс Өмнөговь, Дундговь аймгуудад хамгийн өндөр бүртгэгдсэн байна.

2015-2016 онд Улаанбурхан өвчнөөр 130 гаруй хүүхдээ Улаанбурхан өвчнөөр алдаж байсан. Шинжлэх ухаанаар нотлогдсон зүйлийг үгүйсгэж байгаа эцэг эхчүүдэд анхааруулж хэлэхэд эрүүл саруул байж, бусдад халдвар тараахгүй, эрүүл мэндийн салбарт өндөр ачаалал үүсгэхгүй байх гол зүйл бол вакцин.

СЭТГЭГДЭЛ Үлдээх