Цахим мэдээ
Мэдээ

“Техник, тоног төхөөрөмжийг сайжруулахад ойролцоогоор 800-900 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай”

Эрчээ аван дүрэлзэх галыг цаг алдалгүй унтраахаар Онцгой байдлын алба хаагчид цаг минутгүй ажилласаар байгаа ч түймрийн дуудлага нэмэгдсэн хэвээр байна.

Цаг агаарын хэт халалт, хуурайшилт, хүний буруутай, санамсар болгоомжгүй үйл ажиллагаанаас үүдэн онгон дагшин байгаль, хүний эд хөрөнгө, халуун амь нас эндэж, үгүй болж байна.

Гал сөнөөгчид түймрийг хохирол багатайгаар, хурдан хугацаанд унтраахад багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж хамгийн чухал хэрэгцээ шаардлагатай. Гэвч бодит байдал дээр Онцгой байдлын техник, тоног төхөөрөмж хангалттай хүрэлцээтэй байж чадахгүй байгаа юм. Иймд “Техник, тоног төхөөрөмжийг сайжруулан 100 хувьд хүргэхэд ойролцоогоор 800-900 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай. Бид жилд дунджаар 20-25 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийж байна. Техник, тоног төхөөрөмжүүдийг ашиглах явцад эвдэрч гэмтэх, засвар хийх гээд байнгын ашиглалтад байдаг учраас асуудал гардаг. Гал унтраах ажиллагаанд ашиглаж байгаа багаж хэрэгслүүдийг байгаа төсөвтөө тааруулаад аль болох их хэмжээгээр, өртгийн хувьд дундаж түвшинд авч хэрэглэж байна. Цаашид стандартад нийцүүлж орон тоог нэмэгдүүлэх, техник тоног төхөөрөмжийн чадавхыг сайжруулах шаардлагатай байна” хэмээн ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян хэлж байсан юм. Түүнчлэн Онцгой байдлын байгууллага стандартаараа 8000 алба хаагчтай байх ёстой. Гэвч өнөөдөр дөнгөж 40 хувийн хангалттай байгаа аж. Бүх анги, салбаруудаа Сэлэнгэ аймаг руу татсан учраас цаана нь үлдэж байгаа бүрэлдэхүүн ээлж солих ямар ч боломжгүй, гурван сарын хугацаанд 24 цагийн турш ангийн байранд ажиллаж байгаа зэрэг хүндхэн нөхцөл байдалтай байгааг тэрээр мөн хэмээн хэлээд байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх