Цахим мэдээ
Нийгэм

Баривчлагдаж ирээд батлан даалтаар гарав ЦЭГ - Интерполын улаан булан Монголд бол ногоон гэрэл...

Зодоон хийж хил давсан залууг барьж ирэнгүүт батлан даалтаар гаргажээ. Хүүхдийн 100 орчимд бүлэглэн зодоон үүсгэж, бусдын биед хүнд гэмтэл учруулчихаад хил даван оргон зайлсан “зоригт нэгэн” Б.А эх орондоо эргэн ирлээ. Гэхдээ онгоцноос буугаад шууд шорон руу бус, шууд “батлан даалт” нэртэй халуун дулаан хүлээн авалтанд уригджээ. Эх орондоо иргэн ирэхдээ сайн дураараа ч ирсэн биш. Энэ мэт хэрэгтнүүдийн толгойг нь илээд ногоон гэрлээр гаргадаг хууль зөвхөн Монголд л байна. 

Хууль хяналтын байгууллагаас өгсөн тайлбар нь товчхон:

“Хэрэг мөрдөн шалгах шатандаа байгаа учраас хуулийн дагуу батлан даалтанд гаргасан.”

Гэвч олон нийтийн дунд энэ шийдвэрийг “Хил давж оргосон хүнээ гэрт нь баталж үлдээдэг болчихсон юм байна” хэмээн ёжилж байна. 

Сошиал сүлжээнд иргэд бухимдлаа ийн илэрхийлэв:

  • “Интерполын улаан булан бол манайхан очих ‘шар гэрэл’ юм байна. Хил даваад ирээд л гэртээ хэвтчихдэг.”

  • “Бүлэг зодооныг зохион байгуулсан болгоод л явчихна. Хохирогч л өвдөг шороодсон хэвээр үлдэнэ.”

  • “Шүүх хүртэл ‘шүүхгүй’ болчихоод байна уу даа?”

Энэ хэрэг олон нийтийн дунд “манай хууль оргосон хүнийг биш, оргосон хүний батлан даалтыг хамгаалдаг” гэх ёжлолыг улам лавшрууллаа. Хүмүүс “дараагийн удаа хэрэг хийчихээд хил даваад ирвэл батлан даалт үнэгүй дагалдах уу?” хэмээн онигоо болгон ярьж байна. Ингээд хуулийн “шударга ёсны баталгаа” гэдэг зүйл зөвхөн хэрэгтэн дахин хил давахгүй байхаар найдаж байгаа гэдгийг албаныхан дахин батлав. Иргэдийн хувьд харин найдахаа больсон бололтой. 

"Мөнгө байхад ял завшина” гэх хууч яриа оргүй биш болохыг ээлж дараалан гарч буй шүүхийн шийдвэрүүд баталсаар байна. Өндөр албан тушаалтан, хөрөнгөтэй бизнесменүүдэд оноосон ял хаа нэгтэй “зөөлрөөд”, шоронгийн хаалга түгжихээсээ өмнө батлан даалтаар суллагдаж, улмаар хэрэг нь мартагдан замхардаг дүр зураг олон нийтэд танил болжээ. Харин ядарсан иргэн, жирийн ажилчин ижил төрлийн хэрэгт холбогдвол хатуу чанга шийтгэлээс мултардаггүй нь харамсалтай. Өчигдөрхөн л гэхэд олон улсын эрэн сурвалжлалд байсан, бүлэглэн зодоон үүсгэж хүний амь насанд хүргэх дөхсөн гэмт хэрэгтнийг баривчлан авчирсан ч шүүхээс батлан даалтад сулласан нь иргэдийн уур бухимдлыг дээд цэгт нь хүргэлээ. “Хууль шүүхийн байгууллага иргэнээ хамгаалахгүй, харин мөнгөтэй хүнийг хаацайлдаг болсон уу?” гэсэн асуулт сошиал орчинд хүчтэй тавигдаж байна. Гэм хийгээгүй бол хил дамнан зугтах, ирнэ гэсэн хугацаандаа ирэхгүй байх шалтгаан байсан гэж үү??? Хэрэг хийсэн учраас л гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр гэмээ хайцаалаад хил дамнан зугтаа биз. 

Шүүхийн хараат бус байдал, шударга ёсны зарчим ийнхүү эргэлзээтэй болсон цагт ард иргэдийн хуульд итгэх итгэл ганхаж, шударга ёсыг өөрсдөө тогтоох тухай дуу хоолой нэмэгдсээр байна. Шударга ёсны сахиул байх ёстой байгууллага мөнгөний өмнө сөхөрч, иргэдийг ялгаварлан хандаж байгааг хүлээн зөвшөөрөх үү? Эсвэл ард түмний эсэргүүцэл, дуу хоолойг сонсож шударга ёсны жинхэнэ тэнцвэрийг сэргээх үү?

Хэрвээ хууль бүгдэд ижил үйлчлэхгүй бол энэ улс оронд шударга ёсны тухай яриад ч хэрэггүй биз

ГОВЬ ХХК-НИЙ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.АМАРСАЙХАНЫГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАСАН ХУУЛИЙН ҮНДЭСЛЭЛ: 

1. Баривчилгаа ба саатуулах үндэслэл

Оргон зайлсан этгээдийг ЭХХШТХ 14.6, 14.7 дугаар зүйл–ийн дагуу цагдаа эсвэл прокурорын шаардлагаар баривчилж, шүүхийн шийдвэрээр саатуулж болно.
Баривчлах үндэслэл:

  • Шүүхийн зарлан дуудах, мөрдөн шалгах байгууллагын шаардлагыг удаа дараа биелүүлээгүй,

  • Оргон зайлсан,

  • Шинэ гэмт хэрэг үйлдэх, нотлох баримтыг устгах магадлалтай гэх мэт.


2. Батлан даалт хэрэглэж болох нөхцөл

ЭХХШТХ 14.8 дугаар зүйл – Батлан даалт хэрэглэж болох нөхцөл:

  • Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорихгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой гэж үзвэл,

  • Хувийн болон эд хөрөнгөөр батлан даах хүн гарч ирсэн бол,

  • Тухайн этгээд дахин оргон зайлахгүй, хэрэгт саад болохгүй гэдэгт шүүх, прокурор итгэж болохуйц бол.


3. Шүүхийн эрх мэдэл

Сэжигтнийг баривчилсны дараа:

  • Прокурор баривчилгааны үргэлжлэх шаардлага байгаа эсэхийг 48 цагийн дотор шийдвэрлэнэ.

  • Шүүх прокурорын саналыг үндэслэн цагдан хорих эсэх эсвэл өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ (батлан даалт, хязгаарлалт, хяналт) сонгоно.


4. Батлан даалтад суллахад харгалзах хүчин зүйлс

Шүүх дараах зүйлийг харгалзан үзнэ:

  • Оргон зайлах эрсдэл хэвээр байгаа эсэх

  • Гэмт хэргийн шинж, хүнд байдал

  • Сэжигтний хувийн байдал (нас, эрүүл мэнд, гэр бүл, ажил хөдөлмөр)

  • Батлан даагчийн итгэл хүлээлгэх чадвар

  • Батлан даалтад гаргасан мөнгө, эд хөрөнгийн хэмжээ


5. Хууль зүйн үндэслэл

  • ЭХХШТХ 14.1–14.9 – Таслан сэргийлэх арга хэмжээ

  • ЭХХШТХ 14.8 – Батлан даалтаар суллах

  • ЭХХШТХ 14.10 – Батлан даалтыг хүчингүй болгох, өөрчлөх

Эдгээр зүйл заалтаар шүүх батлан даалтыг зөвшөөрөх болзлыг хангасан гэж үзвэл, өмнө нь оргон зайлсан байсан ч дахин оргох эрсдэл бага гэж үзвэл суллаж болно.


📝 Дүгнэлт:
Оргон зайлсан этгээдийг баривчилж ирсний дараа түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх, эсвэл батлан даалт, хувийн баталгаа зэргийг сонгох нь шүүхийн онцгой бүрэн эрх. Хэрэв прокурор, шүүх тухайн этгээд дахин оргохгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзвэл батлан даалтаар суллах хууль зүйн үндэслэлтэй.

СЭТГЭГДЭЛ Үлдээх