Ерөнхийлөгч Д.Трамп П.Бондиг ажлаас нь халсан гэж мэдээлсний дараа тэрбээр дээрх мэдэгдлийг хийсэн байна
ВАШИНГТОН, 2026 оны 4 сарын 3 /Xinhua/. АНУ-ын Ерөнхий прокурор Пэм Бонди албан тушаалаасаа огцорч, түүний үүргийг Ерөнхий прокурорын орлогч Тодд Бланш түр орлон гүйцэтгэнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт “Truth Social” нийгмийн сүлжээндээ мэдэгджээ.
"Пэм Бонди бол Америкийн агуу эх оронч, миний үнэнч анд бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд Ерөнхий прокурорын албыг нэр төртэйгээр хашсан" гэж Д.Трамп бичсэн байна. Түүнчлэн П.Бондиг хувийн хэвшилд чухал албан тушаал хашихаар болсныг дурдаад, энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй зарлана гэжээ.
АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Ерөнхийлөгч Д.Трамп П.Бондиг ажлаас нь халсан гэж мэдээлсний дараа тэрбээр дээрх мэдэгдлийг хийсэн байна.
“The New York Times” сонинд лхагва гарагт мэдээлэхдээ, Д.Трамп Бондигийн Хууль зүйн яамыг удирдах арга барил болон Жеффри Эпштейнтэй холбоотой хэргийн материалуудад хэрхэн хандаж байгаад нь сэтгэл дундуур байсан тул сүүлийн хэд хоногуудад түүнийг ажлаас нь халах талаар хэлэлцсэн гэжээ. Мөн өөрийнх нь улс төрийн өрсөлдөгчдийг хангалттай шалгаж, яллах ажиллагаа явуулаагүй зэрэг олон асуудалд бухимдалтай байсан гэсэн байна.
Пэм Бонди ийнхүү албан тушаалаасаа огцорч байгаа нь Д.Трампын ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш Засгийн газрын танхимын түвшний сайд огцорч буй хоёр дахь тохиолдол болж байна.
Өнгөрсөн гуравдугаар сард Д.Трамп Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноэм хоёр намын гишүүдийн хүчтэй шүүмжлэлд өртсөний улмаас үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх