Манай улс дэлхийн ноолуурын зах зээлийн тал хувь буюу жилд дунджаар есөн мянган тонн ноолуур нийлүүлдэг. Харин зүүн бүс нутаг улсын хэмжээнд бэлтгэдэг ноолуурын 13-15 хувийг хангаж байна.
Дорнод аймгийн хоршоологчдод “Ямааны ноолуурын чанар стандартын шаардлагын дагуу түүхий эд бэлтгэх” сэдэвт сургалтыг явуулав. Сургалтыг Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ХАА-н бирж, “АДАПТ” төсөл, Монголын ноос ноолуурын холбоо зэрэг байгууллагаас зохион байгуулж байна. Тодруулбал, ямаа самнах технологи ажиллагаа, ямааны тавлаг байдал, ноолуур бэлтгэлийн чанарын шаардлага, ноолуурыг чанараар ангилан ялгаж бэлтгэх арга аргачлалын мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхийг зорьж байгаа юм.
Аймгийн Засаг дарга Ш.Ёл: “Дорнод аймаг цаашид энэ чиглэлийн сургалтыг сумд, малчдын түвшин хүргэн нутагшуулж ажиллахаар зорьж байна. Ноолуурыг стандартын дагуу бэлтгэж чанарыг сайжруулснаар зах зээл дэх үнийг өсгөж, малчдын орлого нэмэгдэх боломжтой” гэв. Мөн тус аймгийн хувьд малын эрүүл бүсийг байгуулж, чанарлаг түүхий эдийг бэлтгэн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхээр зорьж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх