Цахим мэдээ
Хаана

Төрийн эргэлт хийсэн удирдагч Мьянмарын ерөнхийлөгч болно

2021 оны хоёрдугаар сарын 1-нд сонгогдсон засгийн газрыг түлхэн унагах шийдвэр гаргаснаас ердөө долоо хоногийн дараа генерал Мин Аун Хлайн нэг амлалт өгч байв. Тэрээр нэг жилийн дотор сонгууль зохион байгуулж, иргэний засаглалд шилжинэ гэж амласан. Гэвч энэ амлалтаа биелүүлэхэд нь таван жил зарцуулагджээ.

Өнөөдөр шинээр бүрдсэн Мьянмарын парламент түүнийг дараагийн ерөнхийлөгчөөр сонгоно. Үндсэн хуулийн шаардлагын дагуу тэрээр зэвсэгт хүчний командлагчийн албан тушаалаасаа аль хэдийн огцорчээ. Гэхдээ ажиглагчид энэ нь зөвхөн нэр төдий иргэний засаглал гэж дүгнэж байгаа юм.

Төрийн эргэлтээс хойш анх удаа хуралдаж буй парламент нь түүний үнэнч дэмжигчдээр дүүрсэн бөгөөд цэргийнхэн парламентын суудлын дөрөвний нэгийг эзэлжээ. Мөн армийн дэмжлэгтэй нам болох USDP үлдсэн суудлын бараг 80 хувийг авсан нь сонгуулийн үр дүнг урьдчилан тодорхойлсон мэт болгожээ.

Шинэ засгийн газарт ч цэргийнхэн давамгайлах төлөвтэй. Мин Аун Хлайн өөрийн ойрын холбоотон, хатуу бодлого баримталдгаараа нэрд гарсан генерал Е Вин Оог зэвсэгт хүчний шинэ командлагчаар томилсон байна.

Сүүлийн таван жил Мьянмарын хувьд сүйрлийн жилүүд байлаа. Төрийн эргэлтийн дараах эсэргүүцлийг хүчээр дарах шийдвэр нь иргэний дайныг өдөөж, мянга мянган хүний аминд хүрч, сая сая хүнийг дүрвэхэд хүргэсэн.

НҮБ-ын тооцоогоор Мьянмарын 16 сая гаруй хүнд яаралтай тусламж хэрэгтэй байгаа бол дотоодын дүрвэгсдийн тоо дөрвөн саяд дөхжээ. Тус улсын эдийн засаг огцом доройтож, инфляц хяналтаас гарсан байна.

Шинжээчдийн үзэж буйгаар шинэ засаглалын дор бодлого өөрчлөгдөх магадлал бага бөгөөд эсрэгээрээ мөргөлдөөн үргэлжлэх төлөвтэй байгаа аж.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин