Монгол мал хариуцсан хүнтэй, харин хүн хариуцсан хүн алга. Хүүхдийн амь нас, ирээдүй, сэтгэл зүйг хамгаалах үүрэгтэй нийгмийн ажилтнууд өнөөдөр 800 мянган төгрөгийн цалингаар амьдралаа залгуулж байна. Энэ бол хариуцлага биш доромжлол. Нэг ажилтанд 3000 гаруй хүн, 400-500 гаруй хүүхэд оногдож, хүчирхийлэл, хаягдал, ядуурлын дунд гүйж яваа тэднийг “төрийн нүд, чих” гэж хэлэх аргагүй. Төрийн нүд сохорч, чих дүлийрсэн байна гэж хэлэх л үлдлээ.
Хүчирхийлэл, ядуурал, орхигдсон хүүхдийн асуудал газар авч байхад, төрийн зүгээс “чухал салбар” гэх мөртлөө төсөв дээр нэр нь байхгүй, тоо нь нэмэгдэхгүй. Төсөвгүй бодлого бол хоосон амлалт, хүнгүй алба бол хоосон тогтолцоо юм.
Хүүхэд хамгаалах тогтолцооны гол тулгуур нь хүмүүс өөрсдөө хамгаалалтгүй, ядуу, дарамттай байгаа энэ байдал бол улсын ирээдүйг орхиж буйтай адил. Хэрвээ малын тоонд мөнгө гаргаж чаддаг бол, хүүхдийн төлөө төсөв нэмэх ёстой. Хэрвээ нэг тугалд анхаарч чаддаг бол,нэг хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулах ёстой. Өнөөдөр нийгмийн ажилтнуудын орон тоо хоосорч, хариуцах ёстой хүүхдүүд эзэнгүй үлдэж байна. Энэ бол зүгээр нэг халаасны асуудал биш ёс суртахууны сүйрэл юм. Хүүхдийн эрхийн бодлого хэрэгжүүлэх гэж байгаа хэрнээ түүнийг хэрэгжүүлэгчдэд нэг төгрөгийн ч нэмэлт хөрөнгө суулгаагүй нь төрийн бодлогын хоёр нүүрийг харуулж байна.
Төр, засаг хүнээ хамгаалъя гэж үнэхээр бодож байгаа бол хамгийн түрүүнд хүүхдийн төлөө төсөв, нийгмийн ажилтны цалинг нэмэхээс эхэл.
СЭТГЭГДЭЛ Үлдээх