Сүүлийн жилүүдэд аравдугаар сар гарахаар “Halloween” буюу сүнсний баярын уур амьсгал Монголд илт мэдрэгдэх болжээ. Хүүхэд залуус янз бүрийн баг өмсөж, аймшгийн дүрд хувирч, байгууллага, сургууль, цэцэрлэг бүр гадаад баярт зориулсан арга хэмжээ зохион байгуулдаг нь нэгэн төрлийн “моод” мэт дэлгэрч байна. Гэвч энэ бүхний цаана бид өөрийнхөө соёл, уламжлал, зан заншлын үнэ цэнийг мартаж, бусдын ёс заншлыг сохроор дагаж буй нь анхаарал татах боллоо. Halloween бол христийн шашинтнуудын үхэгсдийн ертөнцийн хаалга нээгдэж, нас барагсдын сүнснүүд ирдэг гэж үздэг баяр юм. Энэ нь гадаад ертөнцөд шашны гүн утгатай зан үйл байж болох ч Монголчуудын хувьд үхэл, амьдрал, хойдын ертөнцийн талаарх ойлголт тэс өөр, гүн ухааны ёс суртахуунд тулгуурладаг.
Монголчууд нас барагсдаа “сүнс” гэж биш, өглөг буянаа хүртэх хойдын амь гэж хүндэтгэн үздэг ард түмэн. Тиймээс арц хүж уугиулж, маань гүрэм уншиж, хойдын буян үйлдэх нь бидний сүнслэг уламжлалын нэг хэсэг. Энэ бол хүндэтгэл, хайр, буян номын илэрхийлэл болохоос биш, айдас, муу ёрын дүрслэл биш юм. Гэтэл өнөөдөр бага насны хүүхдүүд “сүнсний баяр”-ыг хөгжилтэй наадам, тоглоом мэт хүлээн авч, хаана илүү аймшгийн чимэглэлтэй арга хэмжээ болох вэ гэж сонирхож байна. Харин тэдэнд энэ баярын цаад утга, уг сурвалж, шашин соёлын ялгааг хэн ч тайлбарлаж өгөхгүй байгаа нь харамсалтай. Үүнд эцэг эх, сургууль, хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг оршиж байна. Монголчууд бид хичнээн даяаршиж, гадаад соёлд нээлттэй болсон ч өөрийн гэсэн цээр, уламжлал, дархлаагаа хамгаалах учиртай. “Монгол” гэх зургаан үсэгт бидний бахархал, үнэт зүйл, үндэсний дархлаа шингэсэн байдаг. Өв соёл, уламжлал гэдэг гаднын баяраар солигдох ёсгүй үнэт зүйл юм. Иймээс бид үр хүүхдэдээ гадаадын баярыг сурталчлахын оронд, өвөг дээдсийнхээ ёс заншил, сүнслэг өвийг танин мэдүүлэх нь хамгийн чухал. Тэдэнд “Halloween”-ий талаар хориг тавих бус, харин “яагаад энэ баяр Монголын баяр биш вэ” гэдгийг ухааруулж өгөх нь эцэг эхийн үүрэг билээ. Монгол уламжлалыг “сүнсний баяр”-аар солих учиргүй. Монгол хүн бүр өв соёл, уламжлалт сэтгэлгээгээ хамгаалж чадвал үндэсний дархлаа түүнд л оршино.
Монголчууд талийгчдаа хүндэтгэн зул өргөж, дараа төрлөө олоход нь зориулж ном хуруулж, идээ шүүс өргөдөг болохоос харийн соёл шиг сүнснүүдийг сэрээх үйлдэл хийдэггүй!!!
СЭТГЭГДЭЛ Үлдээх