Цахим мэдээ
Нийгэм

Шөнийн тарифийн хөнгөлөлт 11-р сарын 1-нээс 4-р сарын 1 хүртэл үргэлжилнэ

         Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд 2017 оноос эхлэн гэр хорооллын айл өрхүүдийн орой, шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны төлбөрт хөнгөлөлт үзүүлж эхэлсэн. Энэхүү “Шөнийн тарифын хөнгөлөлт” нь өвлийн улиралд хэрэгждэг бөгөөд жил бүрийн 11-р сарын 1-нээс 4-р сарын 1-ний хүртэл үргэлжилдэг.

Хэн хамрагдах боломжтой вэ?

Шөнийн тарифын хөнгөлөлтөд дараах нөхцөлийг хангасан хэрэглэгчид хамрагдана:

✅ Нийслэл, аймгийн төв болон 10,000-с дээш хүн амтай суурин газрын гэр хорооллын айл өрх

✅ Цахилгааны төлбөрийн үлдэгдэлгүй байх

✅ Цахилгааныг зөвхөн ахуйн хэрэглээгээр болон гэр сууцаа халаах зорилгоор ашиглах

✅ Цагийн ялгаварт тарифт тоолууртай байх

Хөнгөлөлт хэдэн цагаар үйлчилдэг вэ?

 Оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаанд хөнгөлөлт тооцогдоно.
Өөрөөр хэлбэл, өдөр, оройн хэрэглээ энгийн тарифаар тооцогддог бол энэ 12 цагийн хугацаанд хэрэглэсэн эрчим хүч хөнгөлөлтөд хамрагдана.

Хэрэглээний хязгаар ба хөнгөлөлтийн хэмжээ:

220В сүлжээтэй хэрэглэгчид – 1500 кВт.ц хүртэл 100% хөнгөлөлт
 380В сүлжээтэй хэрэглэгчид – 3000 кВт.ц хүртэл 100% хөнгөлөлт

Дээрх хэмжээнээс илүү хэрэглэсэн тохиолдолд 50% хөнгөлөлт үргэлжилнэ.

Цахилгааны төлбөр хэрхэн тооцогддог вэ?

Тооцоолол дараах байдлаар хийгддэг:

  1. Тоолуурын заалтаас өдөр, орой, шөнийн хэрэглээг тусад нь гаргана

  2. Нэг сарын нийт хэрэглээнд эзлэх хувь хэмжээ-г бодно

  3. Тухайн хувийг 3 шатлал бүхий тариф дээр тус тус үржүүлж нийлбэр дүнг гаргана

Тарифын шатлал

  • 150 кВт.ц хүртэл

  • 151–300 кВт.ц

  • 300 кВт.ц-ээс дээш

     Шөнийн тарифын хөнгөлөлт нь гэр хорооллын айл өрхөд цахилгааны зардлыг бууруулах, түүнчлэн нүүрс хэрэглээ багасган агаарын бохирдлыг бууруулах зорилготой төрийн бодлогын чухал дэмжлэг юм. Шаардлага хангасан өрхүүд тоолуураа зөв тохируулж, шөнийн хэрэглээгээ ухаалгаар төлөвлөснөөр эрчим хүчний зардлаа мэдэгдэхүйц хэмнэх боломжтой.

СЭТГЭГДЭЛ Үлдээх