Цахим мэдээ
Нийгэм

Жийпэнд бөгсөө тавихгүй бол төрийн ажил явахгүй нь... - 2.7 их наядын 40 мянга гаруй машин үр ашиггүй хөрөнгө МӨН ҮҮ?

     Төрийн өмчийн тоо баримт үнэхээр сүртэй. 2.7 их наядаар үнэлэгдэж буй 40,734 ширхэг тээврийн хэрэгсэл төрд байдаг гэж УИХ-ын гишүүн Өлзийсайхан Шижир мэдээлжээ. Эмнэлэг, цагдаа, онцгой байдлын гэх мэт шаардлагатай байгууллагуудын машиныг хасаад ч 24 мянга гаруй машин үлдсэн гэж байна. Гэтэл бодит байдалд төрийн алба “машинд суухгүй бол ажил явахгүй” гэх зарчимд баригдсан мэт харагдаж байна. Үнэн хэрэгтээ энэ олон машин нь иргэдэд үйлчлэх, төрийн үйл ажиллагааг хөнгөвчлөхөөс илүү үр ашиггүй, хяналт сул хөрөнгө болж хувирчээ.

Зургийн эх сурвалж: Bolod.mn

40 734 машин, 2.7 их наяд төгрөг  энэ бол зөвхөн “тоо” биш, төсвийн хөрөнгө, иргэдийн татварын мөнгө. Гэтэл тэдгээр машин бүрийн ашиглалтыг хянах, шаардлагатай хэмжээнд ашиглах систем төдийлөн ажиллаж чадахгүй байна. Төрийн байгууллага олон машинтай байж болох ч үүний зарцуулалт, үр ашиг нь тодорхой бус, зарим нь зүгээр л “статусын дүр” болжээ. Энэ нь зөвхөн төсвийн асуудал биш. Иргэдэд үзүүлэх үйлчилгээ саарах, засвар үйлчилгээний зардал нэмэгдэх, ажлын хуваарилалт доголдож, хөрөнгө үрэлгэн болох эрсдэлтэй.

Тээврийн хэрэгсэл төрд хэрэгтэй газраа л байх ёстой, түүнээс биш үзэмж, имиджийн хэрэгсэл байж болохгүй 

Иргэдийн татварын мөнгөөр худалдан авсан машин бүрийн ашиглалт, байршил, засвар үйлчилгээ, хариуцлагын систем ил тод байх ёстой. Төсвийн 2.7 их наяд төгрөгийн өрнөл, үр ашиггүй зарцуулалт олон нийтийн анхаарлыг татаж байна. “Жийп машинд бөгсөө тавихгүй бол төрийн ажил явахгүй нь" гэдэг нь бараг л үнэн бололтой. Төрийн алба бол машин, зочны суудал, статус биш  иргэдэд чиглэсэн үйлчилгээ, үр дүн, хариуцлагын төв байх ёстой. Энэ асар их хөрөнгийн ард төсвийн хяналт, хариуцлага, аудит яаралтай хэрэгтэй байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх