ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ЦУС СЭЛБЭЖ БАЙНА УУ, ЭСВЭЛ ЦУСЫГ НЬ ХОЛЬЖ БАЙНА УУ
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд гарсан өөрчлөлтөөс үүдэн хууль зүйн салбар дахин “цус сэлбэлт” хийх үе шат өрнөсөөр... Шинэ хууль зүйн сайдын томилгоо болсонтой зэрэгцэн тус салбарын удирдах түвшний албан тушаалтнууд шат дараатайгаар солигдож, нэг суудлаас нөгөөд “шилжих хөдөлгөөн” идэвхжиж байна. Сайд солигдох бүрт Монголын төрийн албанд бараг уламжлал мэт давтагддаг үзэгдэл бол байгууллагын дарга нарын цуврал чөлөөлөлт, томилгоо. Энэ удаад ч өөрчлөлтөөс гадуур үлдсэн албан тушаалтан бараг алга. Цагдаагийн байгууллага, татварын ерөнхий газар, цаашлаад хууль сахиулах сургууль хүртлээ удирдах бүтцийн шинэчлэлд орж байна. Хамгийн анхаарал татсан жишээ бол ЦЕГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн Т.Сүхболд богино хугацаанд дахин өндөр албан тушаалд "бууж" ирсэн тохиолдол буюу Дотоод хэргийн их сургуулийн /ДХИС/ захирлаар томилогдсон нь "чөлөөлөгдсөн гэхээс илүү зүгээр л суудал сэлгэсэн" гэх агуулгыг хөндөж байна. Ийнхүү халаа сэлгээ үргэлжилж байхад "мерит зарчим", "шударга байдал", " хараат бус байдал" зэрэг нь зөвхөн төрийн албаны тухай хууль, ам дамжсан яриа эсвэл зөвхөн цаасан дээр л үлдэж байх шиг...
Удирдлага солигдоно гэдэг нь шинэ бодлого боловсруулагдана гэсэн үг биш. Харин хуучин тогтолцоон дээр нөхөөс тавьж, албан тушаалын эргэлтийн механизм ажиллаж буйг л илтгэнэ. Шинэ сайд, шинэ томилгоонууд хууль зүйн салбарыг бодлогын түвшинд шинэ үе шат руу оруулж чадах эсэх нь одоогоор тодорхойгүй. Харин нэг зүйл л тодорхой байна.
Монголын хууль сахиулах байгууллага хэрэглэгчдэд бус эзэндээ үйлчилдээ горимтой, түүндээ шилжиж, томилогддог жамтай гэдэг нь тодорхой байна.
Суудал ховхорсон дарга засаг төрөөс бүр мөсөн арилдаггүй, харин өөр нэгэн суудал дээр дахин "тодорч" гарч ирдэг. Хууль зүйн салбар ч энэ “системийн тойрог”-оос ангид биш гэдгийг ЦЕГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөөд удаагүй байсан Т.Сүхболдыг ДХИС-ийн захирлаар томилсон явдал дахин нотоллоо.
Томрох нь тодорхой, баяжих нь баараагүй гэдэг шиг түүний карьерын маршрут тасрахгүй нь тодорхой...
СЭТГЭГДЭЛ Үлдээх