Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Уг айлчлал нь 2008 онд Казахстан Улсын Ерөнхийлөгч айлчилснаас хойш 16 жилийн дараа болж буй төрийн тэргүүний түвшний айлчлал болж буйгаараа онцлогтой. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргаж, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх асуудлууд яригдана. Мөн олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухайд санал солилцох төлөвлөгөөтэй байгаа.
Түүнчлэн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нөлөөлөх чухал баримт бичгүүдийг хоёр орны Засгийн газар болон байгууллагад хооронд байгуулах аж.
Монгол Улс Бүгд Найрамдах Казахстан Улстай 1992 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоож байсан. Харин энэ удаагийн айлчлал нь дипломат харилцаа тогтоосны 32 жилийн түүхээ харилцан ярилцаж, санал, дүгнэлт хийх гэдэг утгаараа хоёр орны цаашдын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулахыг судлаач, шинжээчид хэлж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх