Цахим мэдээ
Юу

Хорт утаатай шахмал түлшийг халах уриалгыг МЗХ дэмжихээ илэрхийллээ

Иргэн С.Алтансүх хортой утаатай сайжруулсан түлш хэрэглэхийг зогсоох тухай шаардлагыг төр засагт тавьж, D-Parliament цахим өргөдөл гомдлын системээр гарын үсэг цуглуулж байгаа. Энэ асуудлаар өнөөдөр Монголын Залуучуудын холбоо /МЗХ/ болон Монголын Оюутны холбоо /МОХ/-нд хандан хамтран дэмжиж ажиллах уриалга хүргүүллээ.

Энэ үеэр МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Батбаатар уриалгыг хүлээн авч, залуучууд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудлаар дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм.

Сайжруулсан нэртэй хорт утаатай шахмал түлшийг хэрэглээнээс халах санаачилгыг дэмжиж, биеэр ирж гарын үсэг зурсан хүний тоо өнгөрсөн долоо хоногт 40 мянгаас хол давсан бол цахим системд гарын үсэг зурж 100 мянга хүргэх тал дээр харьцангуй идэвхгүй байгаа аж. Цахим өргөдөлд гарын үсэг зурж, УИХ дээр хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх боломжтой хугацаа дуусахад одоогоор 22 хоног үлдээд байна.

Иргэн та энэхүү шаардлага, өргөдлийг дэмжиж байгаа бол ЭНД ДАРЖ холбоосыг нээгээд, өөрийн e-mongolia хаягаар нэвтрэн өргөдөлд цахим гарын үсгээ зураарай.

СЭТГЭГДЭЛ Үлдээх