Цахим мэдээ
Хэн

11-11 ТӨВИЙН ДАРГА ДАРАНГУЙЛАГЧ БАЙСАН УУ?

Засгийн газрын 11-11 төвийн даргаар ажиллаж байсан Г.Одгарав саяхан тодорхойгүй шалтгаанаар ажлаасаа халагдсан бөгөөд түүнийг зориудаар харлуулж, гутааж байгаа талаар тэрээр өөрийн цахим хаягтаа дараах байр суурийг илэрхийлжээ.

11-11 төвийн дарга ажилчдаа дарангуйлдаг гэх зэргээр манай операторууд бичээд байх шиг байна. Өнөөдрийн хувьд тэдний хийсэн худал хуурмаг үйлдлийг түр хойш нь тавиад юуг амжуулснаа цухас дурдъя гэж бодлоо.

Миний бие ажлаа авсан даруйдаа нийт ажилчдаас хүслийн жагсаалт авсан юм. Ажлын байранд цонх сийгээд тухгүй байдгаас эхлээд цалин нэмүүлэх шаардлагатай талаар бичсэн байв.

Иймд унаад хэчнээн ч сар болсныг мэдэхгүй 00 өрөөний хаалга тогтоох, байгууллагын вакум цонх янзлах, байгуулагдсан цагаасаа түлхүүр нь зоолттой, түгжигддэггүй даргын өрөөний хаалгыг засах зэргээс тэдний хүсэлтийг биелүүлж эхэлсэн.

Мөн сонгууль дөхсөн учраас амралт өгөөгүй, операторууд ядарч туйлдсан нь илт тул Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзулаас гуйж гувшин байж амралтыг нь эдлүүлж байлаа.

Цалин тогтмол, нэг оператор өдөрт 30 дуудлага авсан ч, 100 дуудлага авсан ч нэг л цалингаа авна. Тэдэнд урам зориг өгөх, гүйцэтгэлийг нь үнэлэх юу ч үгүй. Үүнийг анзаараад мөн л Т.Ганзул даргад хүсэлт тавин хамгийн сайн ажилласан ажилтанд сард 200 ам.доллар буюу 750 мянган төгрөгийн урамшуулал шийдүүлж байлаа. Ингэснээр өрсөлдөөн бий болж, шахаж шаардуулалгүй, бүгд жигд ажиллах болсон.

11-11 төв ачаалалтай тул дуудлага алдалт ихтэй. Операторуудын ажилд дүгнэлт хийгээд үзвэл бүгд харилцан адилгүй дуудлага авч, нэг хүнд зарцуулах ярианы хугацааг тогтоож өгөөгүй байв. Иймд нэг оператор өдөрт 60-аас дээш дуудлага, нэг хүнтэй 3-5 минут ярих лимит тогтоож өгсөн.

Ажилчдыг ТТАХЭ-тэй тохиролцон чих хамар хоолойн урьдчилсан үзлэгт хамруулав. Үзлэгээр 90 орчим хувь нь сонсголын асуудалтай нь оношлогдсон. Үүний дараа ажлын байрны нөхцөлийг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвөөр, стресс, ядаргааны түвшнийг СЭМҮТ-ийн үзлэгээр тогтоож, 3 байгууллагын дүгнэлт гаргуулсан. Ингэснээр ажилчдын ажлын байрны нөхцөлийг сайжруулж, цалинг нь нэмэх шаардлагатай гэх үндэслэлийг дээш нь танилцуулахад бэлэн болсон байв.

Бүгд л эрүүл мэндийн болон хувийн асуудал ихтэй тул ажилчдыг ажлын дундуур 2-3 цагт эмнэлгээр явах, ажлаа амжуулахыг зөвшөөрдөг байсан. Харин өдрийн дуудлагын тоогоо алдагдалгүй авах шаардлагыг тавьдаг байв. Заримд нь надад мэдэл байхгүй ч хариуцлагыг өөртөө үүрч, 2 өдрийн цалинтай чөлөө олгож амрааж ч байсан.

Мөн өөрийн зардлаар стресс менежментийн сургалтад ажилчдыг хамруулах, шаардлагатай эмээр нь хангах зэрэг чамгүй их ажлыг ажилчдын төлөө сэтгэл гарган хийсэн.

Энэ бүхний эцэст тэдэнд элдвээр гүтгэгдэж, цоллууллаа. Үргэлж дээш хэл ам хийхэд нь сэтгэлийн дарамттай тэсэж ажиллалаа. Одоо харин хуулийн байгууллагад хандаж нэр төрөө сэргээлгэнэ ээ. Цаг хугацаа үнэнийг шүүх биз ээ.

Дараагийн удаа ажилчдынхаа том толгойлдог, дураараа дургидаг, ажил хийдүүлдэг талаар бичих болно.

СЭТГЭГДЭЛ Үлдээх