УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Эрчим хүчний реформын үндэсний хорооны олон нийттэй харилцах үүргийг хүлээн ажиллаж байсан. Энэ ажлын хүрээнд түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд олон тэрбум төгрөг зарцуулж байна гэх мэдээлэл гараад буй юм. Тэгвэл өнөөдөр С.Цэнгүүн гишүүн албан ёсоор мэдэгдэл гаргаж, Эрчим хүчний реформын үндэсний хорооноос хэвлэлд 8 тэрбумын төгрөг төсөвлөснийг нотоллоо.
Тодруулбал тэрээр, “2024.12.08-ны өдөр Төсвийн ажлын хэсгийн хурлын үед 2025 оны төсөвт 8.0 тэрбум төгрөгийг Эрчим хүчний үндэсний хороо хэвлэл мэдээллийн зардалд тусгасан байгааг олж мэдэж, цочирдон хүлээж авлаа. Миний хувьд улсын төсвийн үр ашиггүй зардлуудыг хасаж, танах ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа. Энэ төсөв батлагдсан ч, эс батлагдсан ч энэхүү хариуцлагагүй, сэжигтэй үйлдлээс шалтгаалж цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзэн Эрчим хүчний үндэсний хорооноос гарч буйгаа үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
Саяхан Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд төсвөөс хэвлэл мэдээлэлд олон тэрбум төгрөг зарцуулсан асуудал яригдаад намжаагүй байхад дахин энэ сэдэв хөндөгдлөө. УИХ-ын гишүүний мэдэгдлээс харахад дээрх үргүй зардлууд нь хоосон цуурхал бус бодит байдал гэдэг нь батлагдаж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх