Цахим мэдээ
Юу

МОНАДА өөрсдөө ийм байж тамирчдаас шударга ёс нэхэх эрхгүй

Сүүлийн 6 сарын турш Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагатай шүүхдэлцэж, захиргааны хэргийн 2 шатны шүүхээр явсан боловч аргагүйн эрхэнд шударга бусын өмнө өвдөг шорооодлоо.

Өөрийгөө өмөөрч гэсэн сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд бодит байдлыг багцлан хүргэхийг оролдоё, хэрхэн дүгнэхийг уншигч та өөрөө мэдсүгэй.

Юу болов?

1. Би 2007 онд Допингийн эсрэг байгууллагыг "Допингийн эсрэг төв" нэрээр үүсгэн байгуулалцаж байсан 8 иргэний нэг.

2. Гэтэл 2017 оны 2 дугаар сард эрхэм ардын эмч Ж. Хатанбаатар миний болон өөр нэгэн гишүүний гарын үсгийг зураад үүсгэн байгуулагчаас хасаж өөрийгөө үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн байдаг. Хамгийн сонирхолтой нь надад хэлээгүй, миний оролцоогүй хуралд “хэн нэгний ямар нэгэн үзэг” намайг төлөөлөөд гарын үсгийг маань зурсан байдаг.

3. Хуурамч гарын үсэг зурсан үүсгэн байгуулагчийн тогтоол гэх шийдвэрийг улсын бүртгэгч гарын үсэг зөрүүтэй тул бүртгэхээс татгалзаж байж.

4. Гэвч уг мэдэгдлээс хорь хоногийн дараа дахин бүртгүүлж. Харин миний гарын үсгийг яаж залруулсан тухай баримт байдаггүй. Надаас л лав гарын үсэг аваагүй.

5. 2023 онд миний гарын үсэг хуурамч болох тухай олж мэдээд Авилгатай тэмцэх гзарт мэдүүлж, тус байгууллага Шүүхийн шинжилгээний байгууллагад хандаж, гарын үсгийн шинжилгээ хийлгэв.

6. Шүүхийн шинжээч энэ баримт дээр зурагдсан гарын үсэг хуурамч байна гэсэн дүгнэлт гаргав.

7. Улсын бүртгэлийн байгууллага Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн бичиг тус байгууллагын хувийн хэрэгт хяналт шалгалт хийж, тогтоогоод хууль бус бүртгэлүүдийг хүчингүй болгоход допингийн эсрэг байгууллага шүүхэд хандав.

Шүүхийн шийдвэрээс юу ойлгогдов?

2 шатны шүүхийн шийдвэрээс дараах зүйл ойлгогдлоо.

1. Аливаа иргэн хуулийн этгээд улсын бүртгэлд хуурамч гарын үсэг бүхий хуурамч материал өгч болно. Түүнийг нь тус байгууллага хянаж шалгах эрхгүй, арга хэмжээ авах бүр эрхгүй.

2. Авилгатай тэмцэх газрын шийдвэр нөлөөгүй юм байна. Уг нь тэд ажлаа хийсэн. Даан ч тэдний шийдвэр шүүх дээр очоод юу ч биш юм байна.Шүүх нэг нүдээрээ ч хялайж харсангүй Ийм байгууллагын хэрэг байна уу?

3. Шүүхийн шинжилгээний байгууллага гэж байх хэрэг байгаа юмуу? Зүгээр нь шүүгч гэсэн нөхөр тусгай мэдлэг шаардагдсан дүгнэлтийг эргэлзээтэй гээд дүгнэчихлээ.

Эцэст нь:

1. Шүүгч хүн шүүхийн лого дээр байдаг дэнснийхээ нэг тавган дээр гараад суучихаар таг дүлий, сохор, болчихдог юм байна. Энэ талаар олонтаа , сонсож байсан ч арай ч үгүй байлгүй дээ гэж боддог байсан ч ташаа байж. Шүүхийн талаар буруу бодож байсныг минь уучлаарай. Эерэг бодол миний салхинд хийсэх мэт алга болов.

2. Бусад хүн, хуулийн этгээд янз бүрийн хор найруулж болох байх. Тэгсэн ч гагцхүү шүүгч хүн ямар ч тохиолдолд дэнснийхээ голд суух ёстой гэж боддог, итгэдэг байсан минь алдаа байж. Уучлаарай.

3. Ил тод, тов тодорхой баримт байхад нүдэн балай чихэн дүлий өнгөрөөсөн Захиргааны хэргийн анхан шатны шүүгч Халиуна, давж заалдах шатны шүүгч Ганзориг, Оюумаа, Баатархүү та бүхнийг бурхан өршөөх болтугай.

4. Монголын Допингийн эсрэг байгууллагын тэргүүн гэх эрхэм хурандаа Уугангэрэл та үнэхээр бяртай, хууль бус юм хийхдээ гаргуун, шүүхэд хүртэл нөлөөлөх чадалтайг тань үзлээ, харлаа. биширлээ. Шударга ёс бол таныг дийлэхгүй юм байна.

Танай хүмүүс ямар өрөвдмөөр мөртөө, та арыг нь даасан учраас шүүх танхимд баавартай байхыг харлаа.

5. Олон нийтэд сурталчлаад хурал хуй, сургалт семинар хүртэл хийгээд байдаг ХАРААТ БУС ШҮҮХ, ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ, ШУДАРГА ШҮҮХ, ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ энэ тэр гэсэн үгнүүд чинь худлаа зүгээр л тунхагийн шинж чанартай юм байна. Цаашдаа үүнийгээ боль. Та нарыг улам худлаа, муухай харагдуулаад байна. Худлаа гэдгийг нь би өөрөө баталлаа.

6. Үндэсний Допингийн эсрэг байгууллага даргаасаа эхлээд ийм бузар , хууль бус юм хийж, шүүхийг хүртэл аргалдаг байж яаж тамирчдаас ичихгүй шударга өрсөлдөөн цэвэр спорт шаардах вэ?

7. Та нар өөрсдийнхөө сайндаа наанаа байгаа юм шиг спортын холбоо , тамирчдыг айлгаж, худлаа хууль дүрэм, ярин сүр үзүүлэхээ боль. Сайн дураараа спортоос явцгаа.

8. Ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс Биеийн тамир, спортын шинэ хууль хэрэгжиж эхлэнэ. Энэ хууль шударга хэрэгжвэл одоогийн энэ удирдах зөвлөлд байгаа хувь иргэн Уугангэрэл, Хатанбаатар болон бусад хувь хүн иргэн шууд зайлах ёстой. Учир нь энэ байгууллагын удирдах зөвлөл хуулийн этгээдийн төлөөллөөс бүрдэх ёстой. Хэрхэхийг цаг хугацаа харуулах байх гэж найдья

9. Шударга сонгууль явагдаж, Боломж олдвол мэдээж би мэргэжлийн хүн учраас нэрээ дэвшүүлж өрсөлдөх амбиц бий. хэрхэхийг тэнгэр мэднэ биз. Гэхдээ яг одоо энэ байгууллагад гэхээс илүү Монголын шүүхийн байгууллагад урам хугарч, дур гутаж, дотор муухайрч байна.

Н.Цогсайхан

СЭТГЭГДЭЛ Үлдээх

  • Зочин (66.181.160.114)
    Яасан муухай юм бэ? Анхнаасаа л гарын үсэг хуурамчаар дуурайлгаж луйвардаж... Тамирчдын эрх ашгийг хамгаалах байгууллага гэж ойлгодог шд. Эсрэгээрээ хүнийг яаж ч гүтгэж харлуулж магадгүй хэцүү л газар бн даа
    2024 оны 12 сарын 20 | Хариулах