Цахим мэдээ
Юу

"Шар гэгээ" МУСК олон улсын наадамд шилдгээр шалгарлаа

Монголын уран сайхны "Шар гэгээ" кино Баруун Австралийн Перт хотноо болсон International Multicultural Film Festival-аас "2024 оны шилдэг кино" шагналыг хүртлээ.

Энэхүү олон үндэстний олон талт соёлын кино наадам нь дэлхийн бүхий л улс үндэстэн, шашны нийгэмлэгийн уран бүтээлчдийн бие даасан кинонуудыг өрсөлдүүлэн шалгаруулдаг юм. Тэд уламжлал, үзэл бодол, соёл, шашны олон янз байдлыг онцолдог. Мөн шашин шүтлэг, арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлийн асуудлыг хөндсөн кино найруулагчдын бүтээлийг голчлон авч үздэг байна. IMFF нь соёлын дайныг өдөөх бус харин хүлцэл, ойлголцол, оролцооны гүүрийг бий болгох зорилготой аж.

Энэ удаагийн наадам дөрвөн номинацид шилдэг уран бүтээлүүдийг шалгаруулсан бөгөөд "Шар гэгээ" киноноос гадна "Богино хэмжээний шилдэг кино"-гоор Австралийн “Gino&Juliet”, "Богино хэмжээний шилдэг баримтат кино"-гоор Японы “Akan Soul”, "Шилдэг баримтат кино"-гоор Бразилын “Eskawata Kayawai-The Spirit of Transfomation” кино тус тус шалгарчээ.

Өнгөрсөн намар анх үзэгчдийн хүртээл болсон "Шар гэгээ" кино нь олон улсын наадмаас тав дахь шагналаа авч байгаа нь энэ юм. Ш.Гүрбазарын зохиолоос сэдэвлэн Б.Батдэлгэрийн найруулсан уг бүтээл 15 дахь удаагийн "Улаанбаатар” олон улсын кино наадмын гурван төрөлд шилдгээр шалгарч "Хангарьд" цомын эзэн болсон бол “Мөнгөн мод” наадмын "Шилдэг кино бүтээл" шагналыг мөн хүртсэн билээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх