Саваагүй нохой саранд хуцна
Самарсайхан наранд мацна...
Он гараад Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорно гэсэн овоог босгоод орой дээр нь олон шаазгай шаагилдаж байгаа…
Үнэхээр ЗГ огцрох шаардлага, шалтгаан бий юу гэвэл эргэлзэх, бодох зүйл бий. Нэгэнтээ бид одоохондоо хувьсгалын шинжтэй өөрчлөлт хийж чадахгүйгээс хойш нэг удаадаа засаг унагаад ямар ч ашиггүй гэдгийг мэдэх нэг нь мэднэ ээ. Гэтэл ЗГ-ыг л унагачихвал бүх юм сайхан болчих юм шиг өнгөц харах хүмүүс бас байна аа. Энэ явуургүй сонирхлыг өдөөгчид өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа.
Тэгвэл хамгийн гол хатгаас хаанаас гарч байгаа гээч? Хамгийн ойроос буюу хажуу дэргэдээс нь, хамтрагчаас нь гэвэл яах уу?
Товчхондоо бол яг нийгмийн сэтгэл зүй тийм зүйл хүсээд байгаа юм ердөө ч биш. Бид өнгөрсөн 20, 30 жил ард олны биш амин хувийн эрх ашгийн үүднээс засгийн газраа унагаж тоглодог чөтгөрийн тойрогт хангалттай эргэлдлээ.
Гэтэл эрх барьж байгаа намын эсрэг сөрөг хүчнүүдээс юм уу, нийгэм олон нийтийн зүгээс бус Ардын намын ах нарын эгнээнээс Ерөнхий сайдаа унагах санаархлыг хамгийн их цухалзуулж байна.
Шуудхан хэлбэл, хангалттай хэмжээний өндөр албан тушаалтай хэрнээ ханаж цаддаггүй шуналтнууд нь хамгийн том эрх мэдэл рүү өдөр шөнөгүй өлөв долов хийн гэтэж байгаа нь нэгэнт ил боллоо.
Нийслэлийн иргэдийн хурлаас эхлээд УИХ-ын гишүүн Шадар сайд болтлоо томорсон Сайнбуянгийн Амарсайхан өнөөдөр гүйцэтгэх засаглалын тэргүүн болохыг мөрөөдөн тэчъяадах болжээ.
Хүнд албан тушаал, эрх мэдлийн сонирхол, солиорол байж болно оо. Гэхдээ аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг.
Үнэхээр өөрийн гэсэн ур чадвартай, улс төрийн харизмтай, удирдан зохион байгуулж манлайлах потенциальтай хүн бол урагшаа ахиж, улам өсөх гэж хүсэж тэмүүлж болно л доо.
Гэхдээ байна аа, Амарсайханы хувьд бол арай өөр шүү. Энэ хүн энгийн нэг хурган дарга хийгээд явж байвал яадаг юм гэхээс Ерөнхий сайдын зиндаанд бол яагаад ч хүрэхгүй маруухан түүхтэй хүн. Түүний улс төрд орогносон бүхий л цаг хугацааны түүхийг нь биш юм гэхэд саяхны наад захын жишээг л эргэн санацгаая.
Мань эр хор хов хутгаж, дээгүүр доогуур гүйсээр байж арайхийж нэг юм хотын мээр болсон чинь ёстой юу ч хийж чадаагүй. Ямар сайндаа л зөөврийн устай усан оргилуур гэсэн элэг авмаар ганц ажлаасаа болоод ганцхан жилийн дотор хөөгдөөд туугдаад огцорсон.
За энэ зэрэг бол жижиг асуудал. Ах дүүсийнх нь компани Туулын бургасыг хядаж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж олон нийтийг яаж доромжиллоо.
Наад захын л жишээ энэ. Энэ хүнтэй холбоотой элдэв булайг ухвал замбараагүй их цаг хугацаа, зай талбай шаардана…
Тэглээ гээд энэ хүн хуулийн болон ёс зүйн ямар ч хариуцлага хүлээгээгүй. Өөр олон дуулианы дүйвээнээр тэгсгээд мартагнуулж чаддаг аа.
Гэхдээ мартсан гэж бас болохгүй ээ. МАН мартавч мань мартахгүй гэж нэг үг бий.
Хэрэвзээ Амарсайхан ЗГ-ыг унагах хор найруулж, Ерөнхий сайдын суудалд суух адын хүслээ далдаас гүйцэлдүүлж, танхимаа унагалаа ч яг сэнтийд суух цагт чинь ард түмэн хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг одооноос ойлгож аваарай! Хэдий бид загасны ой санамжтай гэгдэж дуулианаас дуулианы хооронд дүүжигнэн амьдарч байгаа ч Амарсайхан мэтийн албан тушаалын шуналтныг гүйцэтгэх засаглалын тэргүүн болготлоо дүйнгэтсэн тэнэгүүд бол арай биш шүү.
Хуйвалдагчид биш хууль засагладаг улсад бол ийм ноцтой хэрэгт холбогдсон хүмүүс өнөөдөр наранд тарвалзаж, улам өндөр албанд тэмүүлж явах биш нөгөө юунд… хэцүү нэртэй газар байх ёстой биш гэж үү?
СЭТГЭГДЭЛ Үлдээх