Цахим мэдээ
Хэн

Л.Оюун-Эрдэнийн овлигогүй үйлдэл онигоо болж байна

Эрх баригч намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ойрын үед эрх хүүхэд шиг овлигогүй алхам хийх боллоо. Тухайлбал, Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг "Засгийн газрын эсрэг жагсаал цуглааныг санхүүжүүлж байгаа" хэмээн мэдэгдээд, тэр даруй албан тушаалаас нь халж орхисон. Ингэхдээ бүр итгэхийн аргагүй үлгэр шиг юм ярьж, өөрийгөө онигоонд оруулаад авлаа. Жишээ нь, Л.Оюун-Эрдэнийн үзэж буйгаар бол Бригадын генерал Р.Чингис нь хилийн чинадад буй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан нараас санхжүүжиж, Засгийн газрыг унагахаар ажиллаж эхэлсэн юм байх. Ингэхдээ төрсөн дүү Р.Саруултайгаа үгсэн нийлсэн гэх. Р.Саруул нь эрх баригч МАН-ын Хууль зүйн газрын даргаар ажиллаж байсан хүн. 

Сонирхолтой биш гэж үү? Ерөнхий сайд маань үнэхээр ингэтлээ ганцаардаж, ингэтлээ элдэвлүүлж байгаа гэж үү? Нэг л итгэл үнэмшилгүй байгаа юм даа. Л.Оюун-Эрдэнэ гэх хувь улс төрчийн зангараг ийм өчүүхэн байж болох ч зууны түүхтэй Ардын нам арай ч иймдээ тултал жижгэрэх болоогүй л байлтай. Энэ бүхэн үнэхээр бодит байдал дээр өрнөөд байгаа үйл явдал уу, эсвэл мань эрийн өрөвдүүлэх тактик хэрээс хэтрээд кино ший болж хувирах нь энэ үү?

Яг үнэндээ Р.Чингисийг явуулдаг нь жагсаал цуглаан санхүүжүүлсэн сүртэй асуудал биш, Х.Баттулгын таашаалд нийцэхгүй байгаа учраас л тэр гэж хөшигний наана цаана жиг жуг гэлцэж байна. Ер нь Ерөнхий сайд маань цаашид ам хэлээ учиртайхан шиг байхгүй бол хамаагүй залж байгаад тэрэндээ тээглэж унах вий. Үнэхээр ийм том албан тушаалтай хүмүүс ийм ноцтой асуудалд холбогдсон бол хууль хяналтын байгууллага яралзтал ажиллаад ял зэм, хариуцлагын асуудлыг бодитоор ярьж байх учиртай. Гэтэл зүгээр нэг халаа сэлгээ хийгээд өнгөрч буй нь гүйцэтгэх засаглалын тэргүүн хэтэрхий их жүжиглэж байгааг нотлох боллоо. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх