Цахим мэдээ
Хаана

"Нээлттэй парламент-2026” нэг сарын хөтөлбөр өндөрлөлөө

Хөтөлбөрт хүсэлт ирүүлсэн 1068 оюутнаас гадаад дотоодын их сургууль, коллежийн 100 залууг сонгон оролцуулсан

УИХ, Тамгын газраас парламентын боловсролыг түгээх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Нээлттэй парламент” цогц арга хэмжээний хүрээнд явуулсан оюутан дадлагажуулах нэг сарын хөтөлбөр өнөөдөр  буюу 4 сарын 3-нд хаалтаа хийж, сертификат гардууллаа.

Хөтөлбөрт хүсэлт ирүүлсэн 1068 оюутнаас гадаад дотоодын их сургууль, коллежийн 100 залууг сонгон оролцуулж, УИХ-ын нэр бүхий 28 гишүүнээр удирдуулан дадлагажуулсан юм. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж хаалтын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, хөтөлбөрт шалгарч, оюутан ахуйдаа парламентын ажилд оролцож үзсэнд нь оюутнуудад баяр хүргээд, бидний үед ийм боломж байгаагүй, маш их хичээл зүтгэлтэй байж, эх орноо гэсэн чин сэтгэлтэй хүн улс төрч, УИХ-ын гишүүн болж чадна хэмээн чухалчлан дурдав.

Мөн оюутнуудыг дагалдуулан дадлагажуулсан УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, С.Зулпхар, Ж.Золжаргал, Х.Тэмүүжин, О.Саранчулуун, Ч.Лодойсамбуу, Б.Мөнхсоёл, Б.Жаргалан, Ө.Шижир, О.Батнайрамдал, Ш.Бямбасүрэн, О.Номинчимэг нар үг хэлж, оюутнуудад ухамсар, ёс суртахуунтай, эх оронч сэтгэлгээтэй байхын чухлыг, өөр хоорондоо дотно нөхөрлөж, үүрдийн холбоотон болохыг, боломж бүрийг ашиглан, эсвэл өөртөө боломж бий болгон тасралтгүй суралцахыг, өөрийгөө хөгжүүлж, танин мэдэхээ зогсоохгүй байхыг, хүсэл тэмүүлэлтэй байхыг, салбар салбартаа сайн мэргэжилтэн болохыг, улс төрийн өнөө маргаашийн муу муухайд сатааралгүй, Монголын зорилго том гэдгийг үргэлж санаж байхыг, хожим харамсахааргүй үнэт зүйлтэй, өөрийнхөөрөө амьдрахыг захилаа.

Дадлагажих хөтөлбөрт хамрагдсан оюутнуудыг төлөөлөн МУИС-ийн тавдугаар ангийн оюутан Б.Бат-Ирээдүй, ШУТИС-ийн дөрөвдүгээр ангийн оюутан П.Хүслэн ннар үг хэлж, сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Оюутнууд парламентын үйл ажиллагаатай оролцож, хууль тогтоох үйл явцыг бодитоор мэдэж, судалгаа, шинжилгээ хийн, санал санаачилга гаргаж, асуудлыг олон талаас харж бүтээлчээр ажиллах боломж олгосноороо ач холбогдолтой болсныг онцолж байлаа. Мөн мөрөөдөл, тэмүүлэлтэй олон залуустай дотносуулан нөхөрлүүлснийг дурдан, цаашид харилцан суралцаж, бие биедээ эергээр нөлөөлөн, найз нөхдийн харилцаагаа хадгалж явна гэдгээ хэлэв.

Оюутан дадлагажуулах хөтөлбөрөөр судалгааны арга зүй, УИХ-ын байнгын хороодын үйл ажиллагаа, төрийн албанны ёс зүйн сэдэвт хичээлүүд орж, УИХ-ын гишүүд лекц, илтгэл тавьж, мөн тэднээс тусгай даалгавар авч гүйцэтгэх, төрийн байгууллагууд, төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, зарим яам, салбарын бодлогын асуудлаар хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлэх зэрэг олон талын дадлага ажлуудыг хийсэн байна. Дөрөвдүгээр сарын 1-нд “Загвар парламент” хуралдааныг МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны лекцийн дугуй танхимд хийж, Залуучуудын орон сууцны дэмжлэгийн тухай хуулийн хэлэлцсэн юм. Хуралдааны үр дүнд сөрөг хүчин буюу цөөнхийн баг ялалт байгуулсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин