“Дэлхийн патенттай эмийн ихэнхийг энэ үед АНУ-д үйлдвэрлэж эхэлнэ гэж бид хүлээж байна.
Дональд Трампын засаг захиргаа шинэ бодлогын хүрээнд тодорхой эмийн бүтээгдэхүүнд 100 хувийн гаалийн татвар ногдуулахаар болсныг Цагаан ордон мэдэгдлээ. Энэ нь “Most Favored Nation” (хамгийн таатай үндэстэн) үнийн санаачилгын нэг хэсэг юм.
Шинэ гаалийн татвар нь АНУ-ын зах зээлд шууд борлуулах гэрээ байгуулаагүй зарим эмийн компаниудын патенттай эм болон тэдгээрийн идэвхтэй орцод хамаарна. Энэ арга хэмжээний зорилго нь гадаад үйлдвэрлэгчдийг АНУ-д үйлдвэрлэлээ шилжүүлэх, мөн америк хэрэглэгчдэд шууд худалдах гэрээ хийхэд шахалт үзүүлэх явдал юм.
Уг татвар нь томоохон эм үйлдвэрлэгчдэд 120 хоногийн дараанаас хэрэгжиж эхлэх бол жижиг компаниудад 180 хоногийн хугацаа олгоно.
Цагаан ордны нэгэн өндөр албан тушаалтан “Дэлхийн патенттай эмийн ихэнхийг энэ үед АНУ-д үйлдвэрлэж эхэлнэ гэж бид хүлээж байна. Тэдэнд хангалттай хугацаа өгсөн” гэжээ.
Шинэ журамд 100 хувийн гаалийн татварын хэд хэдэн чөлөөлөлт багтсан байна. Тухайлбал, “Most Favored Nation” санаачилгад нэгдэж гэрээ хийсэн компаниуд энэ татвараас чөлөөлөгдөнө. Мөн АНУ-д үйлдвэрлэлээ шилжүүлэхийг зөвшөөрсөн эм үйлдвэрлэгчдэд тарифыг 20 хувь болгон бууруулах боломж олгожээ.
Европын Холбоо, Япон, Өмнөд Солонгос, Швейцар зэрэг орнуудтай хийсэн худалдааны өмнөх хэлцлийн улмаас тэдний компаниуд 100 хувийн гаалийн татварт өртөхгүй байх магадлалтай бөгөөд тэд 15 хувийн (Их Британи 10 хувь) гаалийн татварт хамрагдах юм.
Шинэ эмийн тариф нь АНУ-ын Дээд шүүхээс 2025 оны 2-р сард Трампын зарим гаалийн татварыг үндсэн хууль зөрчсөн гэж үзсэний дараа хэрэгжүүлж буй худалдааны бодлогын шинэ алхам юм. Өмнө нь Трампын зарим гаалийн татвар эмийн бүтээгдэхүүнийг хамардаггүй байсан. Гэвч энэхүү шинэ арга хэмжээ болон гангийн (steel) шинэ зохицуулалтууд нь хэрэглээний өртгийг нэмэгдүүлж болзошгүй талаар Бүгд Найрамдах намынхан ч санаа зовниж эхэлжээ.
Засгийн газар аль хэдийн арваад эмийн компанитай хэлцэл байгуулж, зарим эмийг хэрэглэгчдэд шууд борлуулах “Most Favored Nation” санаачилгад нэгдүүлсэн бөгөөд эдгээр компаниуд АНУ-д хөрөнгө оруулалт хийснийхээ хариуд гурван жилийн хугацаанд гаалийн татвараас чөлөөлөгдөнө.
Энэхүү санаачилга нь хэрэглэгчдэд шууд эм худалдах “TrumpRx” платформыг багтааж байгаа ч одоогоор хязгаарлагдмал тооны эмийг хамарч байгаа бөгөөд ихэнх нь хямд ерөнхий эм (generic) байгаа аж.
Металын гаалийн татварын шинэчлэл
Трамп мөн ган, зэс, хөнгөн цагааны гаалийн татварыг шинэчилсэн тушаалд гарын үсэг зурсан бөгөөд гадаад нийлүүлэгчид татвараа багасгахын тулд үнээ зориуд бууруулах явдлыг таслан зогсоох зорилготой гэж албаныхан тайлбарлав.
Шинэ журмаар 50 хувийн татвар нь импортлогч АНУ-ын хэрэглэгчийн төлсөн бодит үнийн дүн дээр тулгуурлан тооцогдох бөгөөд өмнө нь экспортлогчийн тогтоосон үнээр тооцдог байсныг өөрчилсөн байна.
Мөн угаалгын машин зэрэг металл их агуулсан бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулахаар болжээ.
Засгийн газрын нэг албан тушаалтан татварын нөлөөллийн талаар хэлэхдээ хэрэглэгчид үнэ өсөлтийг үүрэхгүй гэж үзэж байгаа бөгөөд “зарим бүтээгдэхүүн дээр бага зэрэг өөрчлөлт гарч магадгүй ч ерөнхийдөө нөлөө бага” гэж мэдэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх